АНУ-ын өр түүхэндээ анх удаа 35 их наяд ам.доллар давсныг тус улсын Сангийн яамнаас гаргасан мэдээлэл нотолжээ. Тус яамны мэдээллийн сангийн вэб сайтын “Улсын нийт өр” гэсэн хэсэгт долдугаар сарын 29-ний өдрийн байдлаар улсын өр 35 их наяд ам.доллар хүрсэн гэж бичигдсэн нь дээд үзүүлэлт юм.

Америкийн өр өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр 34 их наяд ам.доллар давсан. Бүгд найрамдах намынхан АНУ-ын Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Жо Байдены бодлого улсын өр нэмэгдэхэд хүргэсэн гэж шүүмжилсээр иржээ.

Конгрессын Төсвийн алба 2034 онд тус улсын өр 50 их наяд ам.доллар давж, ДНБ-ий 122 гаруй хувийг эзэлнэ гэж төсөөлсөн байна. Тус албанаас тооцоолсноор, 2029-2034 онд Америкийн ДНБ-ий жилийн дундаж өсөлт 1.8 хувь байх аж.

2023 онд тус улсын өр дөрвөн их наяд гаруй ам.доллараар нэмэгджээ. Байден 2023 оны зургадугаар сарын 3-нд өрийн таазыг нэмэгдүүлэх тухай Конгрессоос өмнө нь баталсан хуулийн төсөлд гарын үсэг зурсан. Ирэх 2025 оны нэгдүгээр сарын 2-нд хязгаарт хүрэх нь.

Холбооны Төсвийн хариуцлагын хорооны дарга Майя МакГвинейс “Өрийн хэмжээ нэмэгдсээр байгаа ч эрсдэл, сэрэмжлүүлгийн бүх дохиог үл тоомсорлож байна. Бид өрийн асуудалд нухацтай хандах хэрэгтэй байна” гэж мэдэгджээ.

АНУ-ын төсвийн урт хугацааны сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэдэг, намаас хараат бус байгууллага болох Питер Г.Петерсоны нэрэмжит сангаас “Өрийн хэмжээ 35 их наяд ам.долларт хүрсэн нь АНУ-д нэг хүнд 103 945 ам.долларын өр ногдож байна гэсэн үг” гэж мэдээлсэн байна.

Америкийн Сангийн яам мэдэгдэлдээ “Бидний алдагдал хөгширч буй хүн ам, эрүүл мэндийн үйлчилгээний зардлын өсөлт, хангалттай мөнгө авчирч чадахгүй байгаа татварын систем зэрэг урьдчилан таамаглах боломжтой бүтцийн хүчин зүйлээс шалтгаалж байна” гэж дурджээ.

Америкийн аж ахуйн нэгжийн хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн, Олон улсын валютын санд ажиллаж байсан Десмонд Лахман “Синьхуа” агентлагт ярилцлага өгөхдөө “АНУ-ын төсвийн алдагдал тогтворгүй зам руу орсон нь эргэлзээгүй, энэ аюултай зам ам.долларын ханш ба инфляцын урт хугацааны хэтийн төлөвтэй холбоотой ноцтой асуултуудыг бий болгож байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: TASS, XINHUA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу