“Монголын хөрөнгийн бирж” ХК 2024 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн гаргаж, олон нийтэд хүргэлээ. Тайлант хугацаанд дараах голлох үр дүнд хүрсэн байна.

2024 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:

Үнэт цаасны арилжаа:

Дотоодын үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индекс 2024 оны эхний хагас жилд 45,024.07 нэгжид хүрч өссөн бол доод үзүүлэлт нь 40,704.45 нэгж, дундаж үзүүлэлт нь 42,940.88 нэгж байсан ба энэ оны 6 дугаар сарын 28-ны өдрийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7,486.02 нэгж буюу 20.29 хувиар өсөж, 44,385.18 нэгж болсон байна.

Зах зээлийн үнэлгээ 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 11.28 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 288.11 тэрбум төгрөг буюу 2.62 хувиар өсчээ.

Үнэт цаасны арилжааны хувьд, 2024 оны эхний хагас жилд нийт 125 удаагийн нийт 797.08 тэрбум төгрөгийн арилжаа зохион байгуулсан байна. Тодруулбал, хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 136 хувьцаат компанийн 773,76 сая ширхэг хувьцааг 184.7 тэрбум төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 490.76 мянган ширхэг үнэт цаасыг 44.43 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5.38 сая ширхэг нэгж эрхийг 2.92 тэрбум төгрөгөөр, компанийн бондын анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5.67 сая ширхэг бондыг 565.03 тэрбум төгрөгөөр тус тус арилжаалжээ.

Тайлант хугацаанд өдөрт дунджаар 6.28 сая ширхэг үнэт цаасыг 6.37 тэрбум төгрөгөөр арилжсан байна.

Нийт арилжаа өмнөх оны мөн үеэс 1.55 дахин өссөн байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа:

2024 оны эхний хагас жилд нийт 339 удаагийн уул уурхайн бүтээгдэхүүний цахим дуудлага арилжаа зохион байгуулсан байна.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Хангад Эксплорэйшн” ХХК, “Монгол Алт (MAK)” ХХК 14.55 сая тонн нүүрсийг 5.87 их наяд төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 980.1 мянган тонн төмрийн хүдэр болон баяжмалыг 241.9 тэрбум төгрөгөөр тус тус арилжаалжээ.

Харин энэ оны дөрөвдүгээр сараас зэсийн баяжмалын арилжааг эхлүүлсэн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ 6.0 мянган тонн зэсийн баяжмалыг 40.5 тэрбум төгрөгөөр арилжаалсан бол энэ оны 6 дугаар сард анх удаа “Монголросцветмет” ТӨҮГ нь нийт 4.3 мянган тонн хайлуур жоншны баяжмалыг 5.3 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.

Шинэ бүтээгдэхүүн:

Тайлант хугацаанд “Ард кредит ББСБ” ХК нэмж хувьцаа гарган, 8.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн бол “Эм Жи Эл Акуа” ХК хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгон нээлттэй компани болж 15.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ.

Өрийн хэрэгслийн хувьд, “Бэрс Эй Би Эс Лоялти ТЗК” ХХК-ийн 35.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 350,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, “Ашид Капитал ББСБ” ХХК-ийн 20.0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 200,000 ширхэг бонд болон Нийслэлийн засаг даргын хөтөлбөрийн хүрээнд 500.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5,000,000 ширхэг бондын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай зохион байгуулсан байна.

2024 оны 6 дугаар сарын 28-ны байдлаар Монголын хөрөнгийн бирж дээр 171 хувьцаа, 12 компанийн бонд, 2 хөрөнгө оруулалтын сан, 9 хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бүртгэлтэй байна.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга:

УИХ-ын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн чуулганаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан.

Тус хуульд Хувьцааны хамтын санхүүжилт, Банкны хадгаламжийн сертификат гаргах, Олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл, Хаалттай ХК-ийн хувьцааг биржээр арилжаалах, үнэт цаас зээлэх, зээлдүүлэх зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой зохицуулалтууд тусгагдсан.

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, МҮЦАЭХ-ноос холбогдох харилцааг зохицуулах 10 гаруй журмыг шинээр болон шинэчлэн батлах эрх үүссэн бөгөөд тус журмууд батлагдсанаар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрэх эрх зүйн зохицуулалт бүрдэх юм.

Зах зээлийн өөрчлөлттэй уялдуулан Биржээс авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээ:

Нээлттэй хувьцаат компани болох зорилгоор хаалттай хувьцаат компанийн хувьцааг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгэж, хувьцааг мэргэжлийн хөрөнгө оруулагчид санал болгож, тэдгээрийн хооронд арилжих нөхцөлийг энэ онд багтаан бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Дараагийн тайлант хугацаанд ТОП-100 аж ахуйн нэгжүүдэд тавигдах бүртгэлийн шалгуур, шаардлагыг багасгах чиглэлээр “Үнэт цаасны бүртгэлийн журам” зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журам”-д тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна.

Түүнчлэн 2024 оны эхний хагас жилд Монголын хөрөнгийн зах зээл болон уул уурхайн бүтээгдэхүүнийг гадаад улсуудад сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Бээжингийн хөрөнгийн бирж болон АНУ-ын Чикагогийн таваарын биржтэй албан уулзалт зохион байгуулж, бирж хоорондын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцон, цаашид хамтран ажиллахаар болжээ.

Цаашид гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдыг Монголын санхүүгийн зах зээлд идэвхтэй оролцох боломж нөхцөлийг нэмэгдүүлэх, үнэт цаас зах зээлийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, оролцогч байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа аж.

МХБ-ийн санхүүгийн үр ашиг:

МХБ ХК 2024 оны эхний хагас жилд үйл ажиллагаанаас нийт 23.9 тэрбум төгрөгийн орлогыг олж, 4.1 тэрбум төгрөгийн зардлыг санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрснөөр 19.8 тэрбум төгрөгийн татварын өмнөх цэвэр ашигтай ажиллажээ.

Тайлант хугацаанд Улсын төсөвт нийт 4 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг цаг хугацаанд нь төлж, Улсын төсөв бүрдэлтэд хувь нэмрээ оруулж ажилласан байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу