Францын аудитын “Cour des Comptes” байгууллага 2009 оноос хойш жил бүр Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийн зарцуулалтад аудит хийж байгаа аж.

Тус байгууллага 2018 оноос хойш Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тодорхой чиглэлээр нарийвчилсан аудит хийсэн байна. Тухайлбал, аюулгүй байдал (2020), үл хөдлөх хөрөнгө, өв (2021), мэдээлэл, харилцаа холбооны систем (2022) зэрэг үйл ажиллагааны чиглэлийг шалгажээ.

Аудитын байгууллага Францын ерөнхийлөгчийн ордон 2023 онд төсвөө 8.3 сая еврогоор хэтрүүлэхэд төрийн хүндэтгэлийн хүлээн авалтууд гол нөлөө үзүүлснийг анхааруулсан байна. 2023 онд тус ордны олсон орлого 6.5 хувиар, зардал нь 14 хувиар тус тус өсчээ.

“Cour des Comptes” байгууллага энэ сарын 29-ний Даваа гарагт цахим хуудастаа тус улсын ерөнхийлөгчийн 2023 оны төсвийн зарцуулалтад хийсэн шалгалтын үр дүнг байршуулж, олонд танилцуулсан байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны ажлын алба Их Британийн хаан Чарльз болон бусад төрийн хүлээн авалтад зориулж ховор бөгөөд маш өндөр үнэтэй хавчаар зоог барьжээ.

Макрон өнгөрсөн есдүгээр сард Их Британийн Хаан болон Хатан хаан Камилла нартай 17-р зууны Версалийн ордны алдарт “Толин тусгалын танхим”-д зоог барьжээ. Энэ үеэр тэрбээр зочдоо хөх хавч, мөөгтэй гратинтай франц шувууны мах, франц, англи бяслагаар дайлсан байна.

Францын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд зориулсан хүндэтгэлийн зоог хамгийн хямд өртөгтэй байсан бөгөөд 62.000 евро зарцуулсан талаар L’Opinion-д мэдээлжээ.

Үүнийг хөрвүүлвэл, “Ордон дахь хүлээн авалтууд зочин ихтэй байсан нь зардлыг нэмэгдүүлсэн. 2023 онд нэг зочинд 35 еврогийн үнэтэй зоог барьсан гэж тооцвол, 171 хүлээн авалтын төлбөр нийт 4 сая евро болно (2022 онд 29 евро байсан).

Луврын музейд Нарендра Модид зориулсан хүндэтгэлийн оройн зоог (412,000 евро), Чарльз III Хаанд зориулсан зоог (475.000 евро) хамгийн үнэтэйд тооцогдож байна.

Бүх зочин тийм “азтай” байдаггүй: Монголын Ерөнхийлөгчийн зоогт Елисей ердөө 62 мянган евро зарцуулсан байна” гэжээ.

“Cour des Comptes” байгууллагаас танилцуулсан Францын ерөнхийлөгчийн сангийн санхүүгийн тайланд Их Британийн Хаан, Хатанд зориулсан хүндэтгэлийн зоогт 475.000 евро (513,427 доллар) зарцуулснаас 166.000 еврог зөвхөн хоолны үйлчилгээнд  зориулагдсан талаар дурдсан байна.

Аудитор “Шинэ Делиг Францын шумбагч онгоц, сөнөөгч онгоц худалдаж авахыг ятгахыг хүсч буй Макрон 2023 оны долдугаар сард “Луврын музей”-д Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модид зориулан 412.000 еврогийн үнэтэй оройн зоог барьсан” гэж мэдээлсэн байна.

Францын Ерөнхийлөгчийн Елисей ордонд зохион байгуулсан хүлээн авалтын зардал хамаагүй бага байгаа бөгөөд тавдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй барьсан төрийн оройн зоог ердөө 138 мянган еврогийн үнэтэй байжээ.

Аудитор ерөнхийлөгчийн гадаадад хийх айлчлалын зардал нэмэгдэж, тэр дундаа олон улсын нислэгт цагт 23.000 гаруй еврогийн өртөгтэй “Airbus A330” онгоц хөлөглөх нь нэмэгдэж байгааг “шүүмжилсэн” байна.

Францын Аудитын газраас “Төрийн хүлээн авалт, албан томилолтод зарцуулсан зардал өссөний улмаас Ерөнхийлөгчийн ажлын албаны зардал өнгөрсөн онд 6.5 хувиар нэмэгдэн, 117.2 сая евро (1 доллар=0.9252 евро) болж, төсөв 8.3 сая еврогоор хэтэрсэн” гэж мэдэгджээ.

Эх сурвалжж: SWISSNFO, REUTERS, CCOMPTES, l’OPINION
Д.ТУЯА

1 сэтгэгдэл

  1. Манай дарга нар хир их зардал гаргадаг болоо.Зочид бол бараг л амсаад л явсан байдаг гэж ярьдаг үнэн байхаа.Үлдсэн дээр нь байрладаг гэж үнэн болов уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу