Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан өчигдөр (2024.07.30) 10:30 цагт эхэлж, цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан 21 настай залуу амь насаа алдсан хэрэг явдал болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов.
Дэд хорооны хуралдааныг гишүүд нээлттэй явуулах шаардлагатай гэж үзсэн тул хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин “Хүний хувийн эмзэг мэдээлэл болон төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хуулийн дагуу хаалттай хэлэлцэх нь зүйтэй” гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хуралдааны эхэнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид мэдээлэл хийв. 
Тэрбээр “2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 461  дүгээр хаалттай ангид 21 настай иргэн цагдан хоригдож байх хугацаандаа эмнэлгийн тусламж шаардлагатай болоод амь хохирсонтой холбогдуулан ХЭҮК ажилласан. Тус комисс чиг үүргийнхээ хүрээнд төрийн байгууллагуудаас мэдээлэл авч эхэлсэн.
Цагдаагийн байгууллагын дэд дарга, III эмнэлгийн эмч нартай очиж уулзахын зэрэгцээ 461 дүгээр хаалттай ангид очиж ажилласан. Мөн тухайн үйл явдлын хүрээнд төрийн байгууллагуудын ажил хариуцаж байгаа хүмүүстэй уулзаж, тайлбарыг нь авахын зэрэгцээ холбогдох бичиг баримт, хувийн хэрэг, бусад баримтуудыг нь бид татан авч дүн шинжилгээ хийсэн.
Өнгөрсөн  нэгдүгээр сард хохирогч цагдаагийн албан хаагчдад холбогдуулан эрүү шүүлт хийсэн талаар гомдол гаргасан байна. АТГ-аас чиг үүргийнхээ дагуу энэ хэрэг ажиллагаанд байна гэсэн мэдээлэл өгсөн бол Баянгол дүүргийн прокуророос энэ асуудал дуусаагүй бөгөөд асуудлыг тал бүрээс нь шалгана гэдэг мэдээллийг бидэнд ирүүлсэн.
Одоогийн байдлаар яллагдагчаар татагдсан хүн байхгүй гэсэн мэдээллийг тус байгууллагаас нь ирүүлээд байна. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны байгууллагын өөрийнх нь харьяалдаг хуулийн чиг үүргийн асуудал.
Мөн цагдан хорих 461 дүгээр анги болон бусад шатлалын эмнэлэг нь тухайн иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэрхэн үзүүлсэн асуудалд эмнэлгийн байгууллага зохих ёсны хариугаа өгөх ёстой. Үүнийг Шүүх шинжилгээний ерөнхий газар тогтооно. Хариуг нь үндэслэж бид дараагийн дүгнэлтээ гаргах боломжтой” гэдгийг Д.Сүнжид дарга онцлоод “Хохирогчийг ухаангүй байх үед гав хэрэглэсэн асуудлыг эмчилгээ, үйлчилгээний журам гэж тайлбарласан. Энэ асуудлыг шалгаж, хэрэв ийм өвчтөн ирвэл ямар арга хэрэгсэл ашиглаж, үйлчилгээ үзүүлэх ёстойг цаашид тодруулах шаардлагатай.
ХЭҮК байгуулагдаад 23 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд халдашгүй байх эрх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хүрээнд нийт 15 удаагийн илтгэлтэй, тус бүрд нь сэдэв болгож хөндсөн. Үүний үр дүнд тодорхой өөрчлөлтүүд гарч байгаа. Хууль тогтоомж, албан хаагчдын хандлага, тогтолцоо, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагааны хүрээнд тодорхой ажлууд хийж байна.
Тухайлбал, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл дээр “Халдашгүй байх эрх” гэж нэг бүлэгт шүүхийн зөвшөөрөлгүйгээр цагдан хорьж буй асуудлыг хөндөж тавьсан. Энэ талаар УИХ-ын тогтоолд тусгасан. Засгийн газар ахлаад, Хууль зүй, дотоод хэргийн яам ажилласнаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулснаар 2024 оны наймдугаар сарын 1-нээс шүүгчийн зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглосон.
ХЭҮК өнгөрсөн хугацаанд холбогдох байгууллагууд зохион байгуулалтаа хийсэн үү, бэлэн байгаа юу, хуулиа таньж мэдсэн үү гэдгээр уулзалт зохион байгуулсан. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн хүрээнд нэг асуудал шийдэгдээгүй. НҮБ-ын гишүүн байгууллагуудаас эрүү шүүлт тулгасан хэргийн талаар тусдаа мөрдөн байцаах байгууллага байгуулаач гэсэн зөвлөмж өгсөн юм.  Хууль тогтоомжоор одоогоор Авлигатай тэмцэх газар энэ үүргийг хэрэгжүүлж байна” гэж байлаа.

Түүнчлэн тэрбээр “Хууль тогтоомжийн асуудал дээр ХЭҮК-ын хувьд тулгардаг асуудал нь шударга ёс, хүний эрхийг хамгаалах тогтолцоо, бүх төрийн байгууллагуудын ажилд хэрвээ гэмт хэрэг зөрчил гарсан тохиолдолд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 22.2 дахь заалтаар ХЭҮК-ыг оролцохыг хориглодог” гэдгийг онцлоод, энэ тогтолцооны хэсэг нь Үндсэн хуулиар шүүх байж, прокурор хяналт тавина гэж заасан тул  бид өөрсдийн эрх хэмжээ,  хүрээндээ шаардлагаа тавиад, зөвлөмжөө өгөөд явж  байна” гэж байлаа. 
Тус комисст 2023 оны байдлаар эрүү шүүлттэй холбоотой 60 гомдол  ирсэн бөгөөд үүний зургаад нь зөвлөмж өгсөн. Нөгөөтээгүүр, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд манай чиг үүргийн асуудал биш бол 72 цагийн дотор эрх бүхий байгууллагууд нь шилжүүлэх үүрэгтэй. Иймд асуудлыг харьяаллын дагуу төрийн байгууллагууд руу шилжүүлдэг гэв. 
Саяхан сэтгүүлчийн асуудлыг шүүхээр шийдвэрлэсэн. ХЭҮК энэ шүүх хуралд ажиглагчаар сууя  гэсэн хүсэлт илгээсэн. Буруутгагдаж байгаа таван гэмт хэргийн хоёр нь нууцтай хамаатай тул хамааралгүй гурван асуудлыг нь  нээлттэй явуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй.
Төрийн болон албан нууцын тухай хуультай холбоотой шүүх хурал хаалттай байх ёстой тул ХЭҮК энэ тогтолцооны оролцогч биш гэж шүүх, прокуророос дүгнэдэг. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль бусад хуулиар энэ зааг, ялгааг тодорхой болгож өгөхгүй бол олон нийт манай байгууллагаас шууд дүгнэлт хүсдэг гэдгийг  Д.Сүнжид дарга танилцуулгадаа онцолж байлаа.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу