“Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд оролцож, 5-р байрт шалгаран, 50.81 секундээр Үндэсний дээд рекордыг шинэчилсэн, ОУХМ Б.Энхтамиртай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Та хэдэн наснаасаа усанд сэлэлтийн спортоор хичээллэж эхэлсэн бэ? 

-Би усанд сэлэлтээр найман настайгаасаа эхэлж, 12 дахь жилдээ хичээллэж байна. Энэ спорттоор хичээллэж эхэлсэн шалтгаан гэвэл, тухайн үелд туршиж үзсэн споротын төрлүүдээс хамгийн их сэтгэлд үлдэж, сонирхсон, хамгийн дотно мэдрэмж төрүүлсэн. Усан дотор байх мэдрэмж надад маш их таалагдсан. Энэ мэдрэмждээ дурлаад, цаашдаа энэ спортдоо удаан байхын тулд илүү их амжилт гаргах ёстой юм байна гэж бодож хичээллэсэн. 2012 оноос мэргэжлийн клубт орж хичээллэсэн.

-Таны багын мөрөөдөл? 

-Бүр багадаа спортын дэд мастер ч юм уу болъё гэж боддог байсан. Жаахан томроод, олон улсын хэмжээний мастер болох юмсан гэж боддог байсан. Саяхнаас буюу 2018 оноос олимпын наадамд бүх дэлхийн тамирчдын оролцдог оргил болсон наадамд орж үзэх юмсан гэсэн зорилго өөртөө тавьсан.

-Хэдэн төрөлд рекорд эзэмшдэг вэ? 

-25 метр, 50 метрийн бассейны нийлбэр рекорд гэвэл сүүлд үзэхэд 22-23 зай төрөлд рекорд эзэмшсэн. Нийтдээ 30 гаруй зай л бий. Миний хувьд 2021 оноос хойш Дэлхийн аварга шалгаруулах бүх тэмцээнд оролцсон. Ер нь чансаагаараа нэгд байсан.

-Олимпод оролцох мэдээ сонсоод хэрхэн хүлээж авав? 

-Парисын олимпод орно гэж боддог байсан. Олимпод оролцох мэдээ сонсоход санасныг бодоход тайван байсан. Монгол Улсаа төлөөлсөн 33 тамирчны нэг болж, өв соёлоо сурталчлахаар сонгогдсондоо маш их баярлаж, бахархаж байна. Эгчтэйгээ оролцож байгаа болохоор “Олимп” гэсэн дарамт арай бага, ер нь гоё байна.

Намайг дэмжиж байгаа гэр бүлийнхэн, найз нөхөд, клубын хамт олон, Монгол Улсын бүх дэмжигч үзэгчдэдээ баярлалаа гэж хэлье.

-Та долоо хоногт хэдэн удаа бэлтгэл хийдэг вэ? 

-Өдөр тутмын энгийн бэлтгэл гэвэл долоо хоногт таван удаа ч юм уу сэлээд, нэгээс нэг цаг 30 минутыг усанд өнгөрөөдөг бол олимпод оролцох зорилготой, мэргэжлийн тамирчны хувьд долоо хоногт 10 удаа сэлдэг. Зарим өдөр хоёр, зарим өдөр нэг сэлнэ. Нэг орохдоо дор хаяж хоёр цаг сэлдэг учраас долоо хоногт 55-60 цагийг зөвхөн усан дотор өнгөрөөдөг. 60 км орчим сэлдэг. Нэг орохдоо 5-6 км-т тогтмол бэлтгэл хийдэг.

-Усан спортын онцлог юу вэ?

-Усан спорт, ялангуяа миний явдаг 100 метр ойрын зайн төрөл. 50 секундэд л болоод өнгөрдөг учраас гарааны дохио дуугарахад хэдэн зуу, хэдэн мянган удаа хэдийнэ төсөөлчихсөн байдаг. Нэг алдахад маш их нөлөө гардаг. Жишээлбэл, 100 метрт сэлэхэд нэлээн олон амьсгаа авна. Тэр дундаас амьсгаа дээрээ жаахан алдаад, амьсгалах ёстой байсан дээрээ ус залгичих тохиолдол хааяа гардаг. Тэр үед шууд булчин цуцаад, бие доош жишэх тохиолдол гардаг. Тэр болгоноо хянаад, маш анхааралтай явах хэрэгтэй.

May be an image of 1 person, swimming and text

-Монголд усан спорт хэр хөгжиж байна гэж боддог вэ?

-Монголд усан спорт цаг өнгөрөх, жил ирэх тусам хөгжиж байна. Усанд сэлэлтийн тамирчин болъё гэсэн хүүхдүүд их байна. Бассейнууд хүүхдүүдээ багтааж дийлэхгүй, энэ спортын төрлийг сонирхдог хүүхдүүдийн тоо ихэссэн байна.

-Олимпыг дэлхийн аваргатай харьцуулбал?

-Парисын наадам дэлхийн аваргатай харьцуулахад хамаагүй том болж байна. Тэмцээн болж байгаа заал, үзэгчдийн тоо, хөгжөөн дэмжигчдийн дэмжиж байгаа байдал гээд, хамаагүй том байна.

-Гараанд гарахын өмнө төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Гараанд гарахад стадион дүүрэн хүн байсан. Гараанд гарахын өмнө сэтгэл зүйгээ аль болох төвшин байлгахыг хичээсэн. Гэвч яг гарч ирээд, хүмүүс “аймаар” орилоод, стадион даяар дэмжиж буйг хараад, яалт ч үгүй сэтгэл хөөрдөг юм билээ.

-Таны оролцож байгаа зай төрөл хэцүү байх?

-Бусад төрөлд оролцогчдын тоо харьцангуй бага байна. Бүх хүн 50, 100 метрийн сэлэлтэд ордог. Миний оролцож байгаа зай, төрөл хамгийн хэцүү нь. Бусдад нь 30 гаруй хүн оролцож байхад манай гараанд бараг 80 хүн орж байна. Хамгийн их өрсөлдөөнтэй болохоор тэрийгээ дагаад манай зайны тамирчид их хөгжсөн байдаг.

May be an image of 1 person, pool and text

-Олимпын дараах төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Тайландын scholarship-ээр тамирчдын бүх зардлыг даагаад, бэлтгэл хийлгэдэг бааз байдаг. Энэ жил би хүсэлтээ өгөөд тэнцсэн. Есдүгээр сард Тайланд руу жилийн хугацаанд бэлтгэлээ хийхээр явна.

Go Team Mongolia!
Гэрэл зургийг Ч.ГАНБАТ
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу