“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байна. Тэрбээр 2020-2024 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн даргаар ажиллах хугацаандаа хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар онцоллоо.

“ХУВИЙН ХЭВШИЛ, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДААС 12 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАЖ ЧАДСАН”

НИТХ-ын төлөөлөгч Ү.ОЮУНЗУЛ: 

-“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн стратеги төлөвлөгөө, ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг боловсруулж батлууллаа.

Дөрвөн жилийн хугацаанд хавар, намрын мод тарилтаар цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр 40 мянга, ойжуулалтын хэлбэрээр 40 мянган мод тарьж, арчилж ургууллаа.

Бид жил бүр 260 га талбайн ногоон байгууламж, 170 мянга гаруй модны арчилгаа хамгааллыг хийж гүйцэтгэдэг. Модны ургалт 96 хувьтай байна. Мөн зуны улиралд 50-70 мянган нэг наст болон олон наст цэцгийг тарьж байна. нэг га байсан мод үржүүлгийн газраа дөрвөн га болгож өргөтгөлөө.

Нийслэлийн төсвөөс таван тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдсэн бол хувийн хэвшил болон олон улсын байгууллагаас 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж чадлаа.

Иргэдэд экологийн боловсрол олгох зорилгоор 10 аймаг, есөн дүүргийн 20 мянга гаруй хүнд ногоон байгууламжийн цогц сургалт хийсэн. Бидний бүтээсэн 70 гаруй контентууд давхардсан тоогоор сая гаруй хүнд хүрчээ. Мод тарьж арчилж ургуулах тухай гарын авлагыг бүтээлээ.

Манай талбай дээр НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антониу Гутерреш мод тарьж, дэлхий биднийг харлаа. Япон, Солонгос, Тайвань, Орос, Беларусь, Энэтхэг, Австрали, Франц улсуудтай хамтын ажиллагаагаа өргөтгөлөө. Хамтдаа мод тарьж, ургуулсан та бүхэнд баярлалаа” гэж ярив.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу