Засгийн газар өнөөдөр (2027.07.31) ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Монгол Улсын сайд Р.Эрдэнэбүрэн, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар мэдээллээ.

Хуралдаанаар Хамтарсан Засгийн газрын гэрээтэй холбогдуулан, Ерөнхий сайдын албан даалгаврыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар эцэслэж батлахыг холбогдох сайд нар, ажлын хэсэгт үүрэг болгосон байна.

Мөн өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Л.Мөнхзулыг томилжээ.

Монгол Улсын сайд Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар нийслэлд хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 

“ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГНИЙ ШУГАМЫН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ТАНИЛЦУУЛЛАА”

Монгол Улсын сайд Р.ЭРДЭНЭБҮРЭН:

-Засгийн газрын хуралдаанд хамтарсан Засгийн газрын гэрээнд тусгах томоохон төслүүдийн талаар танилцуулга хийлээ. Хамтарсан Засгийн газрын улс төрийн шийдэл нь Улаанбаатар хотын түгжрэлийг багасгахад 20 минутын хот концепци хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Үндсэн арга зам нь Улаанбаатар хот дахь төрийн байгууллагыг Богд уулынхаа урд тал руу гаргах зайлшгүй шаардлагатай юм байна гэж үзэн, тодорхой төслийг танилцууллаа. Эдгээр төслүүд гэнэт яригдаж эхэлсэн зүйл биш. Өмнөх Засгийн газрын үед ч тооцоо, судалгаа нь хийгдэж байсан.

Go.mongolia буюу “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат 900 метр гүүр хийх,  гүүрний цаад тал руу Богдхан уулын туннель барих юм. Энэхүү туннель 5.6 километр, зургаан эгнээ авто замтай байх бөгөөд төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолборыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн арвандөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу бидний ярьдагчлан Кувейтийн ам руу гаргана.

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын хүрээнд метротой уялдуулан хөнгөн галт тэрэгний шугамын төслийг хэрэгжүүлэх, Туулын хурдны зам болон шинэ тойрог замыг эхлүүлэх тухай томоохон төслүүдийг танилцууллаа.

Түгжрэлийг бууруулах, 20 минутын хот төслийн хүрээнд Улаанбаатар хотод олон ажил хэрэгжинэ.

“ШИНЭ ЗУУНМОД ХОТ РУУ ЧИГЛЭСЭН УРСГАЛ БИЙ БОЛГОХ ЗЭРЭГ ӨӨР ХООРОНДОО УЯЛДААТАЙ ТАВАН ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛСАН”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.НЯМБААТАР:

-Улаанбаатар хотын авто замын түгжрэл, төвлөрлийг сааруулах, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах төслийн танилцуулга хийлээ. Улаанбаатар хотын Их, Бага тойруу дотор байгаа төрийн захиргааны төв байгууллагыг Богд уулын урд гаргах, “Шинэ Зуунмод” хот руу чиглэсэн урсгал бий болгох, өөр хороондоо уялдаатай таван төсөл танилцуулсан.

Төсөв нь хийгдсэн Туулын хурдны замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр олон улсын нээлттэй тендер зарлана. Туулын хурдны замаас дээшээгээ саран хэлбэрээр эх авч Их тойруугаа тойрсон тойрог хурдны замыг байгуулахтай холбоотой зөвлөх үйлчилгээний тендер зарлах. Түүнтэй холбоотой эх үүсвэрийг энэ жилийн улсын төсвийн тодотголд тусгах.

Өөдөө тэмүүлэх гүүр нь Туулын хурдны замаас эх авна. Богд уулын урд байрлах Кувейтын ам орчимд буюу Хан-Уул дүүргийн 14 хороонд төрийн захиргааны нэгдсэн төв байрыг барьж, шинэ суурьшлын бүсийг тэлэх давхар зорилго агуулж байна. Цаашлаад “Шинэ Зуунмод” хоттой холбогдсон Богд уулын урд тал руу Улаанбаатар хотын шинэ суурьшлыг тэлэх төлөвлөлт танилцуулсан.

Улаанбаатар хотод хэрэгжиж эхэлсэн дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүд болон төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх усан сан, авто замын бүхий л төслүүдийг танилцууллаа.

Метроны төслийн нэгдүгээр үе шатыг ирэх аравдугаар сарын 1-нд шалгаруулахаар нэгдүгээр үе шатынхаа бэлтгэл ажлыг хангаад явж байна. Метро байгуулах урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг 2014 онд боловсруулахад 1.3 тэрбум ам.доллар гэж тооцож гарсан. Энэ онд багтаж EPC-2 буюу эцсийн сонгон шалгаруулалтыг хийх тендерээ зарлах төлөвлөгөөтэй байна.

Мөн сүүлд буюу зөвлөн үйлчилгээний тендер зарлахаас өмнө дахин нягтлахад нэг тэрбум 350 сая орчим ам.долларт багтааж, 17.7 километр үргэлжлэх метроны ажлыг хийх боломжтой гэж гарсан.

Дүүжин тээвэртэй холбоотой төсөл, хөтөлбөрийн барилга угсралтын ажил эхэлсэн. Нарийн бетоныг нь гадаад улсад үйлдвэрлэх ажил эхэлсэн, энэ жилдээ багтаан авчирч, угсрах бэлтгэл ажил хийгдэж байна.

Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд дэд төвийг түшиглэн хөгжүүлэхээр Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төв, Шар хад дэд төвд инженер дулаан хангамжийн техникийн шийдэл хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор Сэлбэ дэд төв дээр 12 мянган айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлын тендер зарлахад бэлэн болж байгаа талаар танилцууллаа.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу