Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийн бууруулж, төвлөрлийг сааруулах “20 минутын хот” концепцыг болон томоохон төслүүдийн талаар хэлэлцэв. Хуралдаанаас гарсан шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа.
Тэрбээр “Туулын хурдны замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулах олон улсын нээлттэй тендерийг энэ 8 дугаар сард багтааж зарлахаар бэлтгэл хангаж байна.
Мөн тус замаас эх авч, Их тойрууг тойрсон тойрог хурдны замыг байгуулах ажлын олон улсын зөвлөх үйлчилгээний тендерийн (PMC) эх үүсвэрийг улсын төсөвт суулгах шийдвэрийг гаргууллаа.  Баянзүрхийн товчооноос Дархан-Уул аймаг явах хурдны замтай холбогдсон 35 км трасс зам байхаар төлөвлөж байна.
Дээрх хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын бага тойруу хэсгийн замын хөдөлгөөний ачаалал буурна. 
Мөн “Go Mongolia” буюу Өөдөө тэмүүлэх гүүр нь Туулын хурдны замаас эх авна. Богд уулын урд байрлах Кувейтийн ам орчимд буюу Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд төрийн захиргааны нэгдсэн төв байрыг барьж, шинэ суурьшлын бүсийг тэлнэ. Цаашлаад Шинэ зуун мод хоттой холбогдсон Богд уулын урд тал руу Улаанбаатар хотын шинэ суурьшлыг тэлэхээр төлөвлөсөн гэлээ. 
Метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг II үе шаттай зохион байгуулна. Нэгдүгээр үе шатыг 2024 аравдугаар сарын 1-нд зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Тендер шалгаруулалтын хоёр үе шат дууссаны дараа 2025 онд Улаанбаатар метроны бүтээн байгуулалт  эхэлнэ. Хотын дарга Х.Нямбаатар “Метроны ТЭЗҮ анх 2014 онд хийж дууссан. Тухайн үеийн ТЭЗҮ-ээр 1.3 тэрбум ам.доллар байхаар тооцоолсон. Сүүлд зөвлөх үйлчилгээний тендерийг зарлахаас өмнө дахин ТЭЗҮ-ийг нягтлах ажлын хэсгийг байгуулсан.  Ажлын хэсгээс 1 тэрбум 350 сая ам.долларын төсөвт өртөгт багтааж 17.5 км метроны ажлыг гүйцэтгэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг II үе шаттай зохион байгуулна.  Үүний бэлтгэл ажил болгож метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг 2 үе шаттай зохион байгуулсан. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-ын “Дова инженеринг” компани түншлэлийг тэргүүлж байгаа бол “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр зам корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд шалгарсан. Түншлэлийн туслан гүйцэтгэгчээр Япон улсын зөвлөх үйлчилгээний “Ниппон Коей” компани ажиллана. Уг түншлэлтэй зөвлөх үйлчилгээний гэрээг 2024 оны долдугаар сарын 5-нд байгуулсан” гэдгийг онцлов.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу