Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг “Парис-2024” зуны XXXIII олимпын наадам зургаа дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Монгол Улсаас Олимпын наадмын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд өрсөлдөж байгаа ОУХМ М.Энхжаргал өнөөдөр (2024.08.01) Дэлхийн аварга, Туркийн тамирчин Хатис Акбастай хүрэл медалийн төлөө тулалдана.

Тэрбээр хоёр дахь тулаанаа  Румыны тамирчин, 32 настай, 2022 оны ДАШТ-ний мөнгөн медальт, 2024 оны ЕАШТ-ний мөнгөн медальт Ленута Лекрамиоаратай хийж, 4:1 харьцаатай ялалт байгуулсан билээ.

Мөн Олон улсын хэмжээний мастер Оюунбатын Есүгэн өнөөдөр урт бууны 50 метрийн 3×20 буюу гурван байрлалаас буудах дасгалд өрсөлдөнө. Тэрбээр энэ олимпын наадмын гурав дахь дасгалдаа цэц мэргэнээ сорих юм.

Олон улсын хэмжээний мастер Б.Отгонболд чансаа тогтоох харваанд 54 байрт шалгарч Мексикийн тамирчин Матиас Грандетэй эхний тойрогт таарсан.Тэрбээр өнөөдөр цэц мэргэнээ сорино.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Отгонбаярын Хүслэн зодоглоно. Тэрбээр энэ удаагийн олимпын наадамд оролцож буй Монгол Улсын хамгийн залуу (19 настай) хоёр тамирчны нэг билээ.

О.Хүслэнгийн эхний өрсөлдөгч хоёр дахь олимпын наадамдаа оролцож буй, 10 удаа дэлхийн аваргад өрсөлдсөн, 34 настай, Эквадор улсын тамирчин Ванесса Чала юм.

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу