Онцгой байдлын алба Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Монгол” шилтгээний урд нэг хүн Туул голд сэлэхээр ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 16:49 цагт хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км зам туулан, 17:27 цагт очиход иргэн Э (36 настай, эрэгтэй) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Туул голын усанд сэлэхээр ороод осолдсон байжээ.

Иймд эрэн хайх ажиллагааг эхлүүлж, “Монгол” шилтгээн гэдэг газраас “Маршалын гүүр” гэдэг газар хүртэл 15 км усаар завиар урсаж, “Хар усан тохой” гэдэг газар 4 метрийн гүнд 5 удаагийн шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт зогсоосон байна.

Өчигдөр буюу долдугаар сарын 31-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 16:03 цагт анх осолдсон газраас баруун зүгт 10 км газраас цогцсыг олж уснаас гарган, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Мөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Монгол” шилтгээний баруун талд Туул голд 1 эмэгтэй хүн живсэн тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 16:08 цагт хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан 16:35 цагт очиход иргэн А /68 настай, эмэгтэй/ живсэн байсныг 16:37 цагт осолдсон газраас баруун зүгт 2.5 км-аас цогцсыг олж уснаас гарган, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Х.НУРЖАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу