Цагдаагийн ерөнхий газраас мэдээлснээр, жимс түүж явсан есөн хүнээс тав нь сураггүй алга болсон байсныг эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг, Баян-Улаан багийн ‘’Шивтэртийн доод хашаа’’ гэдэг газарт жимс түүж явсан есөн хүнээс тав (4 нь хүүхэд) нь сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл наймдугаар сарын 1-ний өдрийн 00.40 цагт цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж иргэн Б (40 настай, эрэгтэй), Б (11 настай, эрэгтэй), Т (9 настай, эрэгтэй), Э (6 настай, эмэгтэй), Х (3 настай, эрэгтэй) нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Завхан аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 6, Онцгой байдлын газрын 10 алба хаагч, хоёр тээврийн хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 09.00 цагийн үед эсэн мэнд олсон байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу