АНУ-ын Холбооны нөөцийн сан (ХНС) найм дахь удаагаа үндсэн хүүгээ жилийн 5.25-5.5 хувь хооронд барих шийдвэр гаргасан байна. Тус сан 2023 оны долдугаар сараас хойш бодлогын хүүг энэ түвшинд хадгалж байгаа юм.

ХНС-гийн хуралдаанаас хойш хоёр өдрийн дараа гаргасан мэдэгдэлд инфляцийн зорилтот 2 хувьд хүрэхэд “зарим ахиц дэвшил гарсан” талаар тэмдэглэжээ. Эндээс харахад, бодлого боловсруулагчид дараагийн хурлаараа хүүг бууруулж магадгүй аж.

“Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан ихэнх шинжээчдийн таамаглаж буйгаар, ханш өмнөх түвшиндээ хадгалагдах бололтой.

Тус сангийн мэдэгдэлд тэмдэглэснээр, оны эхээр бага зэрэг өссөн инфляц буурч, зорилтот 2 хувьд хүрэхэд ойртож байгааг сүүлийн үеийн статистик мэдээллүүд харуулжээ. Өнгөрсөн сард инфляцын гол хэмжүүр 2.5 хувь хүртэл буурч, эдийн засгийн өсөлт тогтвортой байж, хөдөлмөрийн зах зээл илүү тэнцвэртэй болсон байна.

ХНС “Мэргэжилтнүүд хөдөлмөр эрхлэлт болон инфляцын зорилтод хүрэхэд тулгарч болзошгүй эрсдэлүүд илүү тэнцвэржиж байна гэж дүгнэж байна” хэмээн мэдэгдсэн байна.

ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл Лхагва гаргийн орой сэтгүүлчдэд мэдээлэл өгөх бөгөөд шинжээчид “Тэрбээр есдүгээр сард болох ХНС-гийн хуралдаанаар бодлогын хүүг бууруулах боломжийн талаар ярина” гэж таамаглаж байгаа ажээ.

Эх сурвалж: FORBES, AFP
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу