Иран Улсаас Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-д суугаа байнгын төлөөлөгч Амир Саид Иравани тус байгууллагын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдаан дээр “Палестины радикал ХАМАС хөдөлгөөний Улс төрийн товчооны тэргүүн Исмаил Ханиегийн амийг АНУ-ын тагнуулын байгууллагын тусламжгүйгээр хөнөөх боломжгүй” гэж мэдэгджээ.

Тэрбээр “Энэ жигшүүрт гэмт хэрэгт стратегийн холбоотон, бүс нутаг дахь Израилийн дэглэмийг гол дэмжигчийн хувьд АНУ-ын хариуцлагыг үл тоомсорлож болохгүй. Вашингтоны зөвшөөрөл, АНУ-ын тагнуулын байгууллагын дэмжлэггүйгээр энэ үйлдлийг хийх боломжгүй байсан” гэж хэлсэн байна.

Дипломатч “Аюулгүйн зөвлөл Израильд энэ үйлдлийнх нь төлөө хариуцлага хүлээлгэхийн тулд яаралтай арга хэмжээ авах ёстой. Бид хориг тавьж, шаардлагатай бусад арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж найдаж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ. Тэрбээр “Энэ дэглэмд үйлдсэн хэргийнхээ хариуцлага, үр дагавраас мултрахыг зөвшөөрөх ёсгүй” гэж нэмж хэлсэн байна.

Амир Саид Иравани “Орос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Тегеран дахь ХАМАС-ын улс төрийн товчооны тэргүүнийг хөнөөсөн хэргийг буруушаасан хэвлэлийн мэдэгдэл гаргахыг санал болгосон ч уг баримт бичгийг батлах асуудалд Их Британи, АНУ, Франц хориг тавьсан” гэж хэлжээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу