ОУХ-д өнөөдөр (2024.08.01)-өөс аравдугаар сар хүртэл бензин экспортлохыг хориглосон шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн байна. Энэхүү хоригт дизель түлш хамаарахгүй аж.

ОХУ-ын Эрчим хүчний яамны Тэргүүн дэд сайд Павел Сорокины хэлснээр, тус улсын Засгийн газар зах зээлийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийн огцом өсөлт, тэр дундаа бөөний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан байна.

ОХУ өнгөрсөн оны есдүгээр сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 17-ныг хүртэлх хугацаанд шатахууны экспортыг хориглосон нь дотоодын зах зээлийн үнийг тогтворжуулахад чиглэсэн алхам байсан бөгөөд дизель түлшинд ч мөн хамаараагүй юм.

Түүнчлэн 2024 оны гуравдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд дахин шатахуун (дизель түлшинд бус) экспортлохыг хориглосон ч тавдугаар сарын сүүлчээс долдугаар сар хүртэл дээрх шийдвэрээ цуцлаад байв.

Компаниудын чансааг тогтоодог “ACRA” корпорацийн Үнэлгээний группын захирал Василий Танурков “Шатахуун экспортлохыг хориглосноор хөрөнгийн бирж дээрх үнэ, ялангуяа сүүлийн саруудад үнэ нь хэд хэдэн удаа дээд хэмжээнд хүрсэн АИ-95-ын үнэ буурахад хүргэж болзошгүй” гэж үзэж байгаа аж.

Тэрбээр ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа “Хоригийг аравдугаар сараас хойш сунгах эсэх нь дотоодын зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс хамаарна” гэж дурджээ.

“ИнфоТЭК” мэдээллийн төвийн ерөнхий редактор А.Фроловын хэлснээр, Оросын Засгийн газрын шийдвэр гарснаар ирэх аравдугаар сар хүртэл 700 мянган тонн бензиний экспорт зогсож байгаа аж.

“Найдвартай түнш” нийгэмлэгийн Хяналтын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Гусев “Шатахууны экспортыг хориглох арга хэмжээ үр дүнд хүрч, өнгөрсөн гуравдугаар сараас хойш үнийн өсөлт (хориг хүчин төгөлдөр болсон) сүүлийн хэдэн арван жилийнхээс бага байна. Энэ арга хэмжээг системтэй болгох нь зүйтэй болов уу” гэж хэлжээ.

“Forbes”-т мэдээлснээр, өнөөдрийн байдлаар ОХУ-д бензиний үнэ 16.5 хувиар өссөн байна. Санкт-Петербургийн олон улсын “SPIMEX” бирж дээр “АИ-95” бензиний үнэ долдугаар сарын 24-нд тонн тутамдаа 64.629 рубль байсан бол энэ сарын эхний өдөр 16.5 хувиар өсч, дээд цэгтээ буюу 75.296 рубльд хүрчээ.

“АИ-92” бензиний үнэ өнгөрсөн долдугаар сарын 18-нд дээд цэгтээ хүрч, долдугаар сарын 1-нд тонн тутамдаа 53.809 рубль байсан бол 7.6 хувиар өсч, 57.908 рубль болсон байна.

Жижиглэнгийн худалдааны дундаж үнэ бараг өөрчлөгдөөгүй аж. Тодруулбал, “АИ-92” бензин долдугаар сарын 1-нд 51.85 рубль байсан бол долдугаар сарын 29-нд литр тутамдаа 2 хувиар өсч, 52.90 рубль, “АИ-95” бензиний үнэ 2 хувиар нэмэгдэж, литр тутамд 57.90 рубль болжээ.

Эх сурвалж: TASS, FORBES
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу