Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2024.08.01) Монгол Улсад улаанбурхан өвчний тохиолдол батлагдсан талаар мэдээллээ.

“ХАВЬТЛЫН 100 ХҮНИЙГ ИЛРҮҮЛЖ, ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРУУЛЖ ЭХЭЛСЭН”

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ж.БАЙГАЛМАА:

-Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүхий иргэнийг долдугаар сарын 30-нд Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д тусгаарласан. Тусгаарлагдсан иргэн 47 настай эрэгтэй, 2024 оны зургаадугаар сарын 25-наас долдугаар сарын 20-ныг хүртэл АНУ болон Казахстан улсад зорчиж байгаад, Алматы хотоос Улаанбаатарт ирсэн маршруттай байна. Түүний шинжилгээний хариу улаанбурхан мөн болохыг тогтоосон. Эрсдэлийн үнэлгээ хийхэд дунд эрсдэлтэй, идэвхжилийн нэгдүгээр зэрэгт шилжсэн байна.

Батлагдсан тохиолдлын голомтыг тодорхойлох тандалт судалгааг хийж байгаа ба улаанбурхан өвчин халдварын зэрэг өндөр учраас тус өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдаж байгаагүй, тус өвчнөөр өвдөж байгаагүй иргэд халдвар авсан хүнтэй ойр байсан тохиолдолд халдвар авах өндөр эрсдэлтэй.

Тиймээс ойрын хавьтлын 52 хүнийг илрүүлж, тэдний хавьтлууд болох 100 гаруй хүнийг тодорхойлон, халдвараас сэргийлэх үүднээс вакцинжуулалтад хамруулж эхэлсэн. Хавьтал болсноос хойш 72 цагийн хугацаанд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт хийх шаардлагатай. Мөн улаанбурхан өвчин Covid-19 цар тахлын дараа эрчимжиж буй халдварт өвчин болж байна.

2024 ОНЫ ЭХНИЙ ДОЛООН САРД 178 ОРОНД УЛААНБУРХАН ӨВЧНИЙ
341.000 СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ

2023 оны байдлаар 173 улс оронд нийт 330 мянга гаруй тохиолдол батлагдаж, 2024 онд эхний долоон сард 178 оронд 341 мянган сэжигтэй тохиолдлын 200 гаруй мянга нь батлагдсан байна. Уг өвчин Азербайжан, Киргиз, Казахстан, Йемен, Ирак, Румын, Экваторын Гвиней, Армени зэрэг улсуудад хамгийн өндөр идэвхжилтэй байгаа аж. Тиймээс дээрх улсуудад зорчих иргэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэхийг зөвлөж байна.

Улаанбурхан өвчин амьсгалын замаар дамждаг, туйлын халдварт өвчин учраас иргэд хувийн ариун цэврийг сайтар хангаж, олон нийтийн газар амны хаалтаа зүүх хэрэгтэй.

Өвчний эсрэг вакцины товлолт хугацааны тухайд, 9 сартай, 2 настай хүүхдэд хийдэг. Хэрэв хийлгээгүй бол хамгийн ойрын эрүүл мэндийн байгууллага, өрхийн эмнэлэгт хандаж, вакцин хийлгэх хэрэгтэй юм байна.

ЭМЯ-наас өнгөрсөн жил олон улсад уг өвчний дэгдэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор нэмэлт дархлаажуулалтыг 300 мянга гаруй хүүхдэд хийсэн. Хэрэв товлолт хугацаанаас хоцорсон, хоёр дахь тунгаа хийлгээгүй бол яаралтай хийлгэхийг анхаарууллаа.

Мөн дээрх өвчний халдвар авсан тохиолдолд халуурах, биеэр гүвдрүү гарах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрдэг тул яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөв.

Х.НУРЖАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу