Энхтөгсийн Оюунболд гэж эр бие тэгширсэн сайхан бөх. Үеийн залуус нь улсын цолтны эгнээнд багтаж амжаагүй байхад Улсын аварга болж ус голынхоноо баярлуулж байсан цаг саяхансан. Гэвч түүнийг тойрсон допингийн асуудал үргэлж сөхөгдөх болов. 2019 оны Үндэсний их баяр наадамд 9 даван түрүүлж Монгол Улсын аварга цолны хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрч үндэсний бөх сонирхогчид талцан хуваагдаж, муулж, өмөөрцгөөсөн. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос түүний аварга цолыг хурааж, удалгүй аав нь тэнгэрт одож эр хүний сэтгэлийн хатаар туулах цаг хугацааг тэр даван туулсан. Халгиж явахад нь түүнийг бүчсэн хүмүүс аажмаар холдож, авааль гэргий, ээж, цөөн тооны найз нь л түүнд үнэнч үлдсэн гэдэг. Улс төрийнхөө сонгуульд ашиглаж байсан одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, аварга багш Б.Бат-Эрдэнээс нь эхлээд наашаа гэсэн бүхэн цаашаа гэх болсон ч тэр нугараагүй, нураагүй, өндийгөөд л ирсэн. Аварга цолоо хураалгасан ч тэрбээр арслан цолтойгоор зодоглосон барилдаанууддаа шөвгөрч залуу хүн дахин төрийн наадамд түрүүлэх боломж бий гэдгийг харуулахыг маш их хичээж байгаа нь түүний барилдаан бүрээс харагдах болов.

Гэсэн ч тэр малгайнхаа аваргын тэмдэг, залааг сольсонгүй. Удахгүй аварга цолоо авчих хүн аваргын тэмдэг, залаатай барилдахад яадаг юм гэсэн өмөөрлийн үгс нисэлдэх болсон. Үнэхээр ч тэр хичээж байгаа харагдсан. Гэсэн ч…

Өнгөрөгч сар шинийн барилдааны шөвгийн 16 бөхөөс Монголын Үндэсний бөхийн холбооны санаачилгаар допингийн шинжилгээ авсан. Үндсэндээ 44 хоногийн дараа шинжилгээний хариу бүрэн гүйцэт ирж, шөвгөрсөн бөхчүүдийн нэгээс сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэдэг цуу хуурай өвсөнд шүдэнз зурах мэт газар авлаа. Хүн бүр хэн бэ гэдэг асуултад хариулт хайж байгаа ч үнэндээ Улсын арслан Э.Оюунболд гэдэг нэр дээр бат нот зогсчихов. Э.Оюунболдоос сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэж холбогдох байгууллагууд албан ёсоор зарлаагүй ч цахим орчинд түүний нэрийг тунхагласан.

Ямартай ч сэргээшийн төрлийн бодис илэрсэн бөхөд өчигдөр холбооны зүгээс мэдэгдсэн бололтой. Тухайн бөх Б сорьцийн шинжилгээ өгөх эсэхээ 14 хоногийн мэдэгдэж шинжилгээний хариу хүлээх шаардлагатай болно. Түүний ойрын хүмүүсийн хэлж байгаагаар “Өвдөгний бэртэлттэй байсан. Хагалгаанд орох ёстой” байсан ч эмчилгээ хийлгэж явсан талаар хэлж байна. Өвдөгний бэртлээ эмчлүүлэх явцад алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч тэр ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа юм.

Арслан Э.Оюунболд 2019 оны наадмаар допинг хэрэглэсэн хэмээн Улсын аварга цолоо хураалгаж, 2021 онд дахин допингийн шинжилгээнд бүдэрч найман жилээр барилдах эрхээ хасуулж, шүүх цагдаадаа тулж байсан. Гэвч тэрбээр  2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүхэд гомдол гарган улмаар ялалт байгуулсан юм. 2022 оны зургадугаар сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэр гарч Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээсэн. Ямар ч “тэнэг” нэг алдаагаа гурав давтана гэж байх уу. Ялангуяа тамирчин хүн нэг алдаж, хоёр алдаж болох ч гуравдахиа алдана гэдэг нь түүнийг ямар хүн бэ гэдгийг илтгээд өгөх байх. Тиймээс албан ёсоор нэр зарлаагүй байхад түүнийг буруутгах нь нэг талдаа өрөөсгөл болчихоод байгаа юм.

Э.Оюунболдын хувьд өмнө хэвлэлд өгсөн тайбартаа “Баяр наадам зохион байгуулах комиссоос шинжилгээний хариуг албан ёсоор надад өгч байгаагүй. Чиний шинжилгээ эерэг гарсан гээд шууд эрх хасдаг. Энэ нь хүний эрхэд халдаж буй ноцтой үйлдэл” хэмээн хэлсэн байдаг. Арслан Э.Оюунболд үнэхээр допингийн шинжилгээнд бүдэрсэн бол Допингийн эсрэг үндэсний дүрмийн хүрээнд бүх насаараа барилдах эрхээ хасуулах шийтгэл түүнийг хүлээж байна.

Э.БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу