НЭМЭЛТ, 17:10 ЦАГ:

МУГТ Д.Отгонжаргал эхний ялалтаа авч, шөвгийн наймд шалгарлаа. Тодруулбал, түүнтэй эхний шатанд барилдах байсан Итали улсын тамирчин Эмануэла Лиуззи дэвжээнд гарах боломжгүй болсон байна. Улмаар Д.Отгонжаргалд ялалтыг өглөө.

Манай тамирчин Д.Отгонжаргал хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Азербайжаны алдарт бөх Стадник Марияа, Германы бөх Блаявас Анастасиа нарын ялсантай нь барилдана.


Парисын олимпын сонгомол болон чөлөөт бөхийн барилдаан үргэлжилж буй. Дэлхийн 61 орны 291 бөхчүүд сонгомол болон чөлөөтийн эрэгтэй, эмэгтэй жинд 18 багц медалийн төлөө өрсөлдөж эхлээд байна. Монгол Улсаас сонгомол төрөлд бөх барилдахгүй, чөлөөт бөхөд есөн тамирчин өрсөлдөх юм. 

Тодруулбал, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд МУГТ Д.Отгонжаргал, 53 кг-д ОУХМ Б.Хулан, 57 кг-д ОУХМ Б.Хонгорзул, 62 кг-д МУГТ П.Орхон, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа, 72 кг-д ОУХМ Э.Даваанасан нар хүч сорино. Харин эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд МУГТ Т.Тулга, 86 кг-ын жинд ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 125 кг-д МУГТ М.Лхагвагэрэл нар барилдана.

Өчигдөр (2024.08.05) манай тамирчин Э.Дэлгэрмаа 68 кг-ын жинд Киргизстан улсын бөх Мээрим Жаманзароватай барилдаж, ялагдал хүлээсэн. Улмаар өнөөдөр (2024.08.06) 17:00 цагт дэлхийн хоёр удаагийн аварга Японы Нонока Озакигийн эсрэг дагах барилдаан хийнэ.

Мөн энэ үед 50 кг-ын барилдаан эхэлнэ. Энэ жинд Монгол Улсаа төлөөлөн Д.Отгонжаргал өрсөлдөнө. Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт тэрбээр эхний тойрогтоо Италийн Эмануэла Люззитай учраа таараад буй юм.

Х.ТҮШИГ

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу