Засгийн газар өнөөдөр (2024.04.06) E Business платформыг нээж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр ” E Business платформ нээгдсэнээр тусгай зөвшөөрлүүдийг цахимаар авах, гаднын улсаас монголын бизнес, эдийн засагт оролцогч байх боломж бүрдэж байна. Өмнө нь компани байгуулах гээд татвар, улсын бүртгэлийн байгууллагад биеэр очдог байсан бол одоо гар утас руугаа ороход л хангалттай болж байна. 

Засгийн газрын зүгээс хүнтэй шууд нүүр тулахгүйгээр технологийн дэвшилд тулгуурлаж, хүнд суртлыг багасгах зорилтыг тавьж байгаа. Энэ нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд чухал юм. Шилэн ажиллагаа ч үүнтэй холбоотой гэж ойлгож болно.

E Business платформ бол дөнгөж эхлэл. Цаашдаа хөгжүүлэлт хийнэ. Тиймээс энэ платформоор үйлчилгээ авахад танд ямар байна, яаж хөгжүүлэлт хийх хэрэгтэй байна гэдгийг 11-11 төв рүү холбогдож бидэнд мэдээлэхийг хувийн хэвшлийнхэнд уриалж хэлье. 

Цахим, авлигагүй, шилэн Монгол Улс болоход иргэн таны оруулж чадах хамгийн том хувь нэмэр бол тоон гарын үсэг авах. Одоогоор 600 мянга орчим хүн энэ тоон гарын үсгийг авсан байна” гэлээ. 

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Авлигын эсрэг тэмцэхэд Шилэн ажиллагааны хүрээнд цаашид юу хийх вэ?

-Нууц гэж байхгүй, бүх зүйл ил болно л гэсэн үг. Улаанбаатар хотод газар авч байгаа иргэн, аж ахуй нэгжүүдийн мэдээлэл ил болно. Мөн тэтгэлэг, тендер авч байгаа, бизнесийн харилцаанд орж байгаа бүх мэдээлэл ил болно гэсэн үг. Ил болгож байна гэдэг нь тухайн ААН, иргэнийг буруутгаж байгаа явдал биш. Дунд нь ямар нэгэн нөлөө орсон эсэхийг харж, дүгнэлт хийх эрхийг иргэдэд олгож байна гэж ойлгох хэрэгтэй. Ингэснээр авлига үүсэх хөрс, суурийг устгаж байгаа юм.

-Засгийн газраас манай улсын эдийн засаг өсөж байна гэж үзэж, өндөр төсөөлөлтэй байгаа. Гэтэл бодит байдалд иргэд үнийн өсөлтөд дарлуулж, амьжиргаа нь муудаж байна. Иргэдийн амьжиргааг сайжруулахад цаашид яаж анхаарах вэ?

-Жилийн өмнө Монгол Улсын эдийн засаг -4,7 хувьтай, улсын төсөв 23 орчим хувьтай тасарсан байсан. Харин өнөөдөр эдийн засгийн өсөлт бараг 6 хувь руу орж байна. Энэ нь уул уурхайн асуудал ил болж, боомтууд сэргэж байгаатай холбоотой. Тэгэхээр авлигын эсрэг тэмцэж байгаа нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд хийж байгаа ажлуудын нэг.  

Нөгөө талаас эдийн засаг сайжирч, 6 хувь болж өссөн энэ эерэг үзүүлэлт зургаа, долдугаар сараас иргэдийн амьдралд бодитоор мэдэгдэнэ. Улсын төсөв байнга тасалдалтай явж байсан бол ирэх зургадугаар сарын 1-ний байдлаар 500 орчим тэрбумын ашигтай гарахаар байна. Оны эцэст бараг нэг их наяд төгрөг хүрнэ. Тэгэхээр энэ эх үүсвэрийг бид төрийн албан хаагчдын цалинг нэмэх, тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг арилгахад зарцуулах боломжтой болно. 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу