Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа, Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны орон сууцны хороолол, хотхонуудын зэвтэй усны асуудлаар шалгалт хийсэн Ажлын хэсгийн тайлантай танилцаж, тухайн орон сууцуудын контор, СӨХ-ны төлөөллүүдтэй уулзлаа. 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-“Зэвтэй усны асуудлаар иргэдээс маш олон гомдол ирсэн. Үүний дагуу Ажлын хэсэг байгуулаад холбогдох чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллалаа. Ус дамжуулах хоолой стандартын шаардлага хангаагүйгээс ийм асуудал үүссэнийг Ажлын хэсгийн тайланд онцолж байна. Усны зэвийг арилгахаар шугам, хоолой, нийт тоноглолыг угаах зэрэг арга хэмжээ авсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй.

Энэ бол иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхэнд шууд халдсан нөхцөл байдал. Тиймээс стандартын шаардлага хангаагүй шугам сүлжээ тавьсан, угсралт хийсэн компаниуд, ашиглалтад хүлээн авсан эрх бүхий байгууллагуудтай хариуцлага тооцохоос өөр аргагүй болж байна. Үүнээс гадна 25 мянган хүний эрх ашиг хөндөгдөж байхад асуудлыг шийдэх арга хэмжээ аваагүй аж ахуйн нэгж, хүмүүс хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой” гэлээ.

Тухайн бүсийн оршин суугчдын гомдлыг шийдвэрлэх, ус зэвтэй гарч буйн шалтгааныг тогтоох зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар Ажлын хэсгийг байгуулан, орон сууц, олон нийтийн барилгуудын дамжуулах шугам сүлжээ, усны эх үүсвэрт хяналт, шалгалт хийж, тодорхой арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлсэн байна.

УБЗАА-ны Ус хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж хариуцсан мэргэжилтэн Л.Алтангэрэл:

Удаа дараа өгсөн усны шинжилгээний хариунуудыг харьцуулан үзэхэд усан дахь төмрийн агууламж ихэссэн, өнгө өөрчлөлттэй, хүчил шүлтийн түвшин саармаг буюу зөвшөөрөгдөх хэмжээнд байсан. Мөн аль ч усны сорьцод эмгэг төрүүлэгч нян илрээгүй.  2022 оны есдүгээр сард орон сууцны хорооллын  ус дамжуулах хоолой, хоолойд үүссэн зэвэнд Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн  хүрээлэн шинжилгээ хийсэн.

Яармагийн ус хангамжийн эх үүсвэрээс хэрэглэгчдэд хүргэх үед манган, төмөр, цайрын агууламж нэмэгдэж, зэвтэй гарч байгаа нь усыг дамжуулж буй шугам хоолойноос хамааралтай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, шугам хоолой нь ундны ус дамжуулах шаардлагыг хангаагүй гэсэн үг. Тэгэхээр “Пума констракшн” ХХК , “Пи Ай Эм Эм” ХХК-ийн хөрөнгөөр барьсан ф200 мм голчтой хоёр км ган яндан, “Шинэ өргөө” хорооллын  гаднах ф200 мм-ийн ган шугам болон орон сууцны хорооллын дотор шугам сүлжээ, тоноглолыг стандартад нийцүүлэн солих шаардлага гарч байна гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу