“Парис-2024” зуны олимпын чөлөөт бөхийн барилдаан үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Монгол Улсаас МУГТ Д.Отгонжаргал өрсөлдөж, тавдугаар байр эзэлсэн билээ.

Түүнд Дархан аварга Н.Батсуурь хоёр өрөө байр өгөхөөр болжээ. 

Тодруулбал, Дархан аварга Н.Батсуурь цахим хуудастаа “Олон улсад чөлөөт бөхөөр улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа Д.Отгонжаргал дүүдээ 2 өрөө байр бэлэглэж байна” хэмээн бичжээ. 

Д.Отгонжаргалын тухайд, чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр мөнгө, нэг хүрэл медальтай, 22 настай залуу тамирчин юм. 

Түүний талаар МУГТ О.Насанбурмаа “Дүү минь чадлынхаа хэрээр эцсээ хүртэл сайхан л үзлээ. Ямар амьдралаас гарч ирж, яаж өөрийгөө золиосолж, ямар их тэвчээр гаргаж, хайртай дуртай спортдоо амжилт гаргах гэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, аав ээж, ард түмнээ баярлуулахын тулд тэмцэж байсныг нь бодохоор дотор харанхуйлаад байх юм. Медаль авчихвал өөрийнх нь амьдрал нь жоохон ч гэсэн дээшлэх байх гээд л залбирч суулаа. Хаа байгаа Зурагтын эцсээс өвлийн хүйтэн, зуны халууныг ажралгүй Нисэхийн тойрогт нэг ч өдөр таслалгүй 10 жил бусдаас илүү шаргуу хөдөлмөрлөснийхөө үр дүнд анхныхаа Олимпод оролцож, ДАШТ-д 2 мөнгө, 1 хүрэл медаль, 3 жил дараалал хүртсэн жаахан дүүгээрээ бахархаж байна.

Дэлхийн гурван медальтай тамирчин өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн орох оронгүй л явж байна. Энэ тал дээр анхаармаар юм. Энэ охинд амьдралын баталгаа хэрэгтэй. Санаа зоволтгүй бэлтгэл хийхэд энэ бол маш том хөшүүрэг” хэмээсэн билээ. 

Х.ТҮШИГ

2 САНАЛ

  1. Батсуурь аварга маань ирээдүйтэй залуу тамирчин охинд маш хэрэгтэй орон байр бэлэглэж байгаад маш их баярлаж байна даа. Аварга даа эрүүл энх аз жаргал амжилт бүтээл сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе ээ АМЖИЛТ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу