Шүүр ажиллагааны хүрээнд шаардлага хангахгүй хэрнэ төрийн албанд ажиллаж буй алба хаагчдыг чөлөөлөх ажлыг Засгийн газраас эхлүүлж байгаа билээ. Энэ хүрээнд шалгаж үзээд одоогийн байдлаар хууль бусаар томилогдсон 6000-8000 орчим хүнийг шүүрдэхээр хэлэлцэж эхэлжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Засгийн газраас авлигыг зогсоохоор 5Ш ажиллагааны хэрэгжүүлж байгаа. Үүний нэг болох Шүүр ажиллагааны хүрээнд төрийн алба өөрөө хуулиа ягштал мөрддөг байх хэрэгтэй болж байна.

Монгол Улсад төсвөөс 300 орчим мянган хүн цалинжиж байна. Үүний 225 мянга нь төрийн албанд ажилладаг бол 75 мянга нь төрийн болон орон нутгийн өмчит компаниудад ажиллаж байна.

Төрийн албан хаагчдын чадвар, хүнд суртлал, хандлага, ёс зүйтэй холбоотой асуудал байнга яригддаг. Мөн шаардлагыг хангаагүй хэрнэ төрийн албанд ажиллаж, шимэгчилж буй хэсгийг удаа дараа тодорхойлж ирсэн байдаг.  Энэ нь нэг талдаа иргэдийн шүүмжлэл боловч нөгөө талдаа төрийн албанд үнэнчээр зүтгэж байгаа хүмүүст хүндрэл учруулж байгаа юм.

Төрийн үйлчилгээний албанд танил тал, хамаатан саднаа томилох замаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буй тохиолдол байсаар ирсэн. Тухайлбал, ОНӨҮГ, ТӨҮГ-уудад томилогдсон албан хаагчдын зарим нь хуулийн зөрчилтэй, мэргэжлийн шаардлага хангаагүй, улс төрчдийн шахаагаар ажиллаж байна. Тиймээс төрийн албыг цэвэрлэх ажлыг эхлүүлж байгаа юм. Улс төрийн сонгуулийн үр дүн яаж ч гарсан бай төрийн алба цэвэр байх ёстой.

Шүүр ажиллагааны хүрээнд одоогийн байдлаар төрийн албанд ажиллаж байгаа 6000-8000 хүнийг цэвэрлэх нөхцөл үүссэн. Ковидын хуулийг үндэслэж, шаардлага хангахгүй хүнийг албан тушаалд томилсон тохиолдол байна. Уг нь энэ оны нэгдүгээр сараас ковидын хууль цуцлагдаж, уг хуулиар томилогдсон 2000 орчим иргэнийг ажлаасаа нь чөлөөлсөн. Гэтэл зарим хүн албан тушаалдаа байсаар л. 

Мөн 2023 оны улсын төсвийг батлуулахдаа тэтгэвэр авдаг хүн төсвөөс цалин авахгүй гэж тусгасан. Гэтэл өнөөдрийн байдлаар 5000 орчим хүн тэтгэвэр авч, хажуугаар нь төсвөөс цалинжиж байна. Хөдөө сумдад аргагүйн эрхэнд ажиллаж байгаа хүмүүс ч байна. Боловсон хүчний дутагдлаас болж тур буцааж урьж ажиллуулж байгаа асуудал байна. Үүнийг бол ялгаж цэгцлэх болно” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу