Дэлхийн аваргын нэг мөнгө, гурван хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа олимпод оролцож буй тамирчдын талаар сэтгэгдлээ хуваалцжээ. Түүний хувьд “Рио 2016” зуны олимпод эх орноо төлөөлөн өрсөлдөж явсан билээ. 

ТэрбээрОлимп үзээд л хэдэн тамирчдаа, хамт олноо, хэдэн багш нараа бодоод л байдал ямархуу, уур амьсгал ямархуу байгааг бол сэтгэл зүрхээрээ мэдэрч байна шүү.

Хөөрхий хэдэн багш нар минь хүнтэй ч олигтой дугарч чадахгүй барайсан хэдэн царайтай нөхдүүд. Удирдлагууд болон хөгжөөн дэмжигчид өөр хүн харахаараа шавь нарынхаа өмнөөс гэм хийчихсэн юм шиг гөлөлзөөд л. Хэдэн ялагдсан тамирчид нь хүнтэй таарчихгүй юмсан гээд л энэ тэрүүгээр нуугдацгаах маягтай. Нөгөө кинон дээр гардаг үл үзэгдэгчийн хувцас байдаг бол бараг өмсмөөр санагдаад явж байгаа байхдаа.

Монголдоо очихоороо хүний нүдэнд өртчихгүйхэн шиг ярилцлагад авч байгаа сэтгүүлчийн дуранд өртөж олон хүний амны хэл бай болчихгүйхэн шиг чимээгүйхэн гэртээ ээж, аав, хань ижилдээ очихыг хүсэж байгаа даа, эвий минь гэж.

Улс, эх орны нэрийг өндөрт өргөж, авсан цолоо хамгаалж, олон хүний итгэлийг алдахгүй барилдах юм шүү гэж хичээх айдас…

Заримдаа санасандаа хүрч чадахгүй хожигдчихоор амиа хорлоод, эсвэл хаашаа ч хамаагүй алга болчихмоор хүнд сэтгэлзүй тархинд орж ирдэг.

Харамслын нулимс, барилдсаны маргааш өдрийн, сэтгэлийн хөндүүр, биеийн булраа, шөнө унтаж чадахгүй тарчлах барилдааны талаарх анализ, хоол ч орохгүй, цээжинд тээглэсэн хар юм, ёстой болдог бол цаг хугацааг буцаачихмаар санагдаад л…

Дээрээс нь сошиалын балбалт, за тэгээд дуус дуус…

Татварын мөнгө, улсын мөнгө, дэвжээний алчуур, газар үзэж зугаалж, гадаад орон үзсэн ч гэх шиг. Өндөр нам, өргөн бүдүүн, эмээ, өвөө, харьсан бөх, арчаагүй гуйлгачин, түүлгэчин за өөр юу юу ч билээ дээ.

Иймэрхүү дайралтын үед ёстой ард минь бат зогсож байгаа ээж, аав, гэр бүлээ л бодож өөрийгөө зоригжуулж тэсдэг байсан даа. Ингээд л бодохоор дотор давчдаж байна шүү.

Би л гэхэд 2016 оны олимпоор хожигдсон шокоосоо гарч чадалгүй долоон жил болсон байдаг юм. Барилдаанаа эргэж үзэж чадахгүй халгаад, аль болох дурсахгүй, санахгүй, бодохгүй явсаар байгаад арай гэж өнгөрсөн жил үзсэн. Тэгсэн чинь харин өөрөөрөө бахархасан гээд л бод.

Манай бөхийн хөгжил бол гадаад оронтой харьцуулаад байхаар тийм ч хөгжилтэй биш шүү дээ.

Жишээ нь, би Японд хамтарсан бэлтгэлийн үеэр болон тэмцээний үеэр хэд хэдэн удаа очиж байлаа. Жингээ үзүүлсэн тамирчин болгонд зориулсан тусдаа хоолтой, хэдэн кг хассан, ямар хүч энерги зарцуулсан, тэр болгоныг нь тооцож, дутагдсан уураг, эрдэс, минерал багтсан зориулалтын хоол, бүр жижигхэн хөөрхөн нэртэй цүнхтэй.

Манайхан юу иддэг вэ гэж үү?

Сайхан шуузтай бэлэн гоймон, монгол лапша, бүлээн бор цай тэгээд л тэр…

Хэдэн кг хасаад, хичнээн минерал алдсанаа ч мэдэхгүй дэвжээн дээр нэг л их ална, хожно гэсэн зорилготой. Дутагдсан эрдсээ нөхөж чаддаггүйгээсээ болоод олон тамирчин бэртлээс салахгүй байгаа юм шүү дээ.

Гаднын орны тамирчид өрсөлдөгчдийн судалгаа хийх гэж бүтэн баг ажилдаг шүү дээ. Бие халаалтын заалнаас барилдах дэвжээ хүртэл хоорондоо станцаар яриад, нэг жижиг өрөөнд 7-8 залуу суучихсан том дэлгэц дээр ганцхан хүнийг тал талаас нь бичлэг хийчихсэн ярилцаад, удаашруулж үзээд л, аль гар нь түрүүлж ирдэг, хэд дэх секундэд хөлөө хаана гишгэхийг нь хүртэл судалсан байдаг юм байна лээ. Баруун өрөө, зүүн өрөө, өрсөлдөгч тамирчинд ямар рефлекс байдаг, сул тал, давуу тал нь гээд л…

Манайхан яахав хэдэн багш нартайгаа ярилцаад л хэдэн бичлэг үзээд л боллоо.

Дэвжээн дээр ганц тамирчин барилдахад ард нь хичнээн хүн байдгийг та төсөөлж байна уу?

Бид шинжлэх ухааны үндэслэлтэй, тэгтлээ тултлаа хөгжиж чадахгүй ч гэсэн байгаа хэдийгээ дэмжихээс өөр аргагүй. Ёстой хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс яахав.

Солиод, сонгоод, шилээд байх олон тамирчин ч байхгүй үнэндээ. Энэ хэд маань харин овоо үзээтэй байгаа нь яамай. Нэг жинд 2-3 сайн хүүхэд байгаа. Харин ч тууштай эцсээ хүртэл тэмцэж байгаа хэдийгээ магтдаггүй юм гэхэд доромжлохгүй л баймаар байна. Чөлөөт бөх бол асар хүнд спорт, ямар ч барьцгүй, гэнэтийн ялалт гэж байдаггүй юм шүү. Хэн бэлтгэлээ зөв тааруулсан, хэний мэдрэмж, сэтгэлзүй, ур ухаан сайн байгаа нь гялалздаг юм шүү дээ.

Аа тийм, манай хэдэн тамирчид хөөрхий минь татварын мөнгөөр зугаалж, олон газар орон үздэггүй юм шүү. Яахав агаараар нь амьсгалдаг нь үнэн. Онгоцноос буугаад л буудалдаа очиж байрлаад л, тэмцээндээ төвлөрч байгаад, тэмцээн дуусахад ачигдаад эх орондоо ирдэг шүү” хэмээжээ.
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу