Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв өмнөхөөс сайжирсан ч геополитикийн нөхцөл байдал, улс орнуудын мөргөлдөөнтэй холбоотой суурь эрсдэлүүд хадгалагдсан хэвээр байна.

Төв банкны Мөнгөний бодлогын хороо дээрх нөхцөл байдалтай холбогдуулан инфляцад нөлөөлөх гадаад, дотоод орчны эрсдэл, цаашдын төлөвийг харгалзан, бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргасан.

Жилийн инфляц 2024 оны тавдугаар сард улсын хэмжээнд 5.7 хувь, Улаанбаатар хотод 5.6 хувьд хүрч буурсан. Мөнгөний бодлогын хатуу төлөв инфляцыг бууруулах нөлөө үзүүлж буй.

Түүнчлэн худалдааны түнш орнуудын инфляц буурч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байснаар импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт саарах хандлага үргэлжилж, дотоодын хүнсний үнийн өсөлт саарч байгаа нь инфляц буурахад голлон нөлөөлжээ.

Монголбанк инфляцыг дунд хугацаанд жилийн 6 хувь орчимд, +/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулахыг зорьж буй хүлээлт хэвээр байна.

2024 оны зургадугаар сарын инфляцын тайлангаас харахад, ирэх улирлуудад инфляц одоогийн түвшнээс бага зэрэг нэмэгдэж, ирэх онд Төв банкны зорилтын дээд интервалын орчимд хэлбэлзэх төлөвтэй байгаа ажээ.

Нүүрсний экспорт нэмэгдэж, дотоод эрэлт сайжран, уул уурхай болон уул уурхайн бус дийлэнх салбаруудын өсөлт хүлээлтээс сайн байгааг харгалзан энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс сайжруулсан.

Дэлхийн эдийн засгийн өсөлт сэргэж байгаа ч геополитикийн хурцадмал байдал нь  өсөлтийн цаашдын төлөв, эрдэс бүтээгдэхүүний үнэд тодорхой бус байдлыг үүсгэсээр байна.

Төв банк инфляцын энэ оны төсөөллийг бууруулсан бол ирэх оны төсөөллийг хэвээр хадгалав. Инфляц энэ оны зургаадугаар сард улсын хэмжээнд 5.1 хувь, Улаанбаатар хотод 4.8 хувьтай гарсан. Гадаад инфляц буурч, төгрөгийн ханш сүүлийн хагас жил гаруйн хугацаанд чангарснаар импортын барааны инфляц буурах хандлага үргэлжилж буй.

Түүнчлэн өнгөрсөн онд өндөр өсөлттэй байсан суурь үеийн нөлөөгөөр дотоодын хүнсний инфляц саарчээ. Инфляцад үзүүлэх эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөө хүлээлтээс бага байгааг харгалзан энэ оны төсөөллийг бууруулжээ.

Ирэх онд дотоод эдийн засгийн идэвхжил нэмэгдэх, гадаад үнүүд өсөх, дэлхийн зах зээл дээрх хүнсний үнэ өсөх зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц эргээд нэмэгдэж, Төв банкны зорилтын дээд интервалын орчимд хэлбэлзэн, 2026 оны сүүлээс зорилтын голч руу дөхөхөөр байна.

Өмнөх төсөөлөлтэй харьцуулахад эдийн засгийн өсөлтийн төлөв сайжирчээ. Эдийн засгийн идэвхжил хүлээлтээс давж, энэ оны I улиралд 7.8 хувиар өссөн. Гадаад эрэлт сайн байж, нүүрсний олборлолт нэмэгдсэний зэрэгцээ өнгөрсөн оны сүүлийн хагасаас эрчимжсэн цалин, тэтгэврийн өсөлт өрхийн хэрэглээг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг тэтгэжээ.

Зудын нөхцөл байдал тооцоолсноос хүндэрч, малын зүй бус хорогдол өндөр байгаа нь хөдөө аж ахуй, боловсруулах салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Дотоод эрэлт нэмэгдэж, хөдөө аж ахуй, боловсруулахаас бусад салбаруудын өсөлт хүлээлтээс сайн байгааг харгалзан энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 4.0 хувьд хүргэж нэмэгдүүлжээ.

Ирэх онд цаг агаарын хүндрэлээс үүдэлтэй сөрөг нөлөөлөл арилж, “Оюу толгой”-н үйлдвэрлэл эрчимжин, эдийн засгийн өсөлтийг тэтгэхээр байгаа аж.

Гадаад орчны төлөв өмнөх төсөөллөөс сайжирсан байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 оны I улиралд хүлээлтээс өндөр гүйцэтгэлтэй гарч, цаашдын төлөв өмнөхөөс сайжирчээ. Мөн Евро бүс зэрэг томоохон эдийн засагтай орнуудын мөнгөний бодлогын төлөв суларч эхлэхээр байгаа нь ирэх онд өсөлтийг тэтгэнэ гэж шинжээчид үзэж байна.

Гэхдээ геополитикийн зөрчилдөөн, улс орнуудын мөргөлдөөн зэрэгтэй холбоотой тодорхой бус байдал, эрсдэлүүд төдийлөн буураагүй байна. АНУ-ын хувьд инфляц буурах хурд хүлээлтээс удаан байгаа нь Холбооны нөөцийн банкны бодлогын суурь хүү буурч эхлэх хугацааг хойшлуулж байгаа бөгөөд цаашид инфляцын гүйцэтгэл хэрхэн гарахаас хамаарч гадаад суурь хүү тодорхойлогдохоор байгаа юм.

Инфляцын төсөөлөл энэ онд өмнөхөөс буурч, ирэх онд өмнөх төсөөллийн орчимд хадгалагдахаар байна.

Энэ онд инфляцын төсөөлөл буурахад;

1) зудын нөхцөл байдалтай холбоотойгоор мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны хандлагатай адил байхаар таамагласан ч хүлээлтээс багаар өссөн,

2) гадаад инфляц буурч, төгрөгийн ам.доллартой харьцах ханш чангарснаар импортын хүнс, бараа, цаашлаад дотоодын бараа, үйлчилгээний инфляц төсөөллөөс бага гарсан зэрэг нь нөлөөлөв.

Ийнхүү инфляцад үзүүлэх гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөө хүлээлтээс бага байгааг харгалзан энэ оны төсөөллийг бууруулжээ.

Ирэх онд эдийн засгийн идэвхжил нэмэгдэх, дэлхийн зах зээл дээрх хүнсний үнэ, гадаад инфляц эргээд өсөх зэрэг нөлөөгөөр инфляц нэмэгдэж, дунд хугацаанд зорилтын голч руу буурах хурд удаашрах төлөвтэй байгаа аж.

Инфляцын саарах хандлага үргэлжилж, энэ оны зургаадугаар сард 5.1 хувьд хүрсэн билээ. Инфляц 2024-2026 оны эцэст 6.5 хувь, 7.4 хувь, 6.6 хувь байх төсөөлөлтэй байна.

Хүнсний үнийн жилийн өсөлт зургаадугаар сарын байдлаар 4.7 хувьд хүрч, инфляцын оргил үеэс дөрөв дахин буурсан байна.

Ийнхүү буурахад өнгөрсөн оны мөн үед дотоодын мах, гурил түүнтэй холбоотой бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр өсөж байсан суурь үе голлон нөлөөлжээ.

Түүнчлэн импортын хүнсний инфляц 1.0 хувьд хүрч, нийт инфляцад ердөө 0.1 нэгж хувийг эзэлж буй. Тодруулбал, өнгөрсөн жилтэй харьцуулахад загас, тахианы мах, ургамлын тос, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүнүүдийн үнэ хямдарсны зэрэгцээ бусад импортын хүнсний үнийн өсөлт харьцангуй тогтвортой байгаа нь нөлөөлжээ.

Зудын нөхцөл байдалтай холбоотойгоор мах, махан бүтээгдэхүүний үнэ улирлын хандлагаасаа багаар буурах, төгрөгийн ханш алгуур сулран, импортын хүнсний үнэ өсөх зэрэг нөлөөгөөр хүнсний инфляц ирэх улирлуудад нэмэгдэхээр байна.

Хүнсний бус инфляцын хувьд энэ онд 6 хувийн орчимд хадгалагдаж, энэ оны сүүлээс нэмэгдэх төсөөлөлтэй байна. Тодруулбал, гадаад инфляц энэ оны сүүлээс эргээд өсөх, төгрөгийн ханш алгуур сулрах, эдийн засгийн идэвхжил нэмэгдэх зэрэг нөлөөгөөр импортын бараа, бүтээгдэхүүн, дотоодын барааны инфляц цаашид өсөхөөр хүлээгдэж байгаа аж.

Ийнхүү инфляц ирэх онд Төв банкны зорилтын дээд интервалын орчимд хэлбэлзэж, 2026 оны сүүлээс зорилтын голч руу дөхөх хүлээлттэй байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу