Ирэх есдүгээр сарын 1-нээс Хүүхэд хамгааллын тухай хууль (шинэчилсэн найруулга) хэрэгжиж эхэлнэ. Тус хуульд орсон өөрчлөлтүүдийн талаар гаднын хэвлэлүүдэд мэдээлснийг бид энэ удаа “БИДНИЙ ТУХАЙ” буландаа онцолж байна.

“ХҮҮХДИЙН ХАЖУУД АРХИДАН СОГТУУРВАЛ ХҮҮХДИЙГ ЭРСДЭЛТ НӨХЦӨЛ БАЙДАЛД ОРУУЛСАНТАЙ АДИЛТГАНА”

BABR24: Архидан согтуурах явдал Монголын нийгэмд, ялангуяа залуучууд, хөдөөгийн иргэдийн дунд тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Иймд тус улсын Засгийн газар хүүхдийг архины хор хөнөөлөөс хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжоо шинэчилжээ.

Тус цахим хуудаст “Хүүхдийн дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэх журмыг чангатгаж, тэдний аюулгүй, сайн сайхан байдлыг хангах үүднээс хатуу хязгаарлалт хийсэн хууль есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Эдгээр санаачилгууд нь архидалттай тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах өргөн хүрээний стратегийн нэг хэсэг юм” гэж мэдээлсэн байна.

TASS: “Монгол Улсын Нийслэлийн боловсролын газраас Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай шинэ хууль есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тус хуульд хүүхдийн хажууд архидан согтуурах нь аюултай нөхцөл байдал бий болгож буй тул хэд хэдэн чухал өөрчлөлт хийсэн” гэж “ТАСС” агентлагийн сурвалжлагчид мэдээлэв.

Боловсролын газраас “Монгол Улсын Их Хурлаас 2024 оны нэгдүгээр сард шинэчлэн баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийг энэ хичээлийн жилээс мөрдөж эхэлнэ. Хамгийн чухал заалтуудын нэг нь хүүхдийг хүчирхийлэх, доромжлох, бие махбодын шийтгэл оногдуулахыг хориглосон явдал юм. Хүүхдийн дэргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэвэл тэдний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулсантай адилтгаж үзнэ” гэж мэдээллээ.

Тус хуульд оруулсан гол өөрчлөлт нь 22 дугаар зүйлд заасан хүүхдийг гэр бүл, нийгмийн орчинд хамгаалах тухай юм. Тодруулбал, түүнд хүүхдийг гэмт хэрэг, хүчирхийлэл, үе тэнгийнхний дээрэлхэлт зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээний тухай, эцэг эх, хүүхдийн амьдарч буй орчныг үнэлэх, эрсдэлийг арилгах, таатай нөхцөлийг бүрдүүлэх талаар тусгажээ.

Шинэ хуульд “Эцэг, эх хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд хүүхдээ хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрөх, хүүхдийн оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллуулахыг хориглоно. Эцэг, эх хүүхдийн эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зургийг бусдад дамжуулах, цахим орчинд байршуулахыг хориглоно” гэж заасан байна.

Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/ Гуравдугаар бүлэг 22 дугаар зүйл. Гэр бүл, нийгмийн орчин дахь хүүхэд хамгаалал

22.1. Эцэг, эх хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалахдаа түүний нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хүчирхийллээс ангид хүмүүжлийн эерэг арга хэрэглэж, хүүхдэд зөвлөн тусална.

22.2. Эцэг, эх хүүхдийн амьдарч байгаа орчны эрсдэлийн үнэлгээг хийж, эрсдэлийг арилгах, гэр бүлийн хүрээнд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.

22.3. Эцэг, эх хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авна.

22.4. Эцэг, эхэд хүүхэдтэй холбоотой эрхээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, зүй бус харьцах, бие махбодын шийтгэл хэрэглэх, гутаан доромжлохыг хориглоно.

22.5. Эцэг, эх хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд хүүхдээ хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрөх, хүүхдийн оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллуулахыг хориглоно.

22.6. Эцэг, эх хүүхдийн эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зургийг бусдад дамжуулах, цахим орчинд байршуулахыг хориглоно.

22.7. Эцэг, эх энэ хуульд заасан хүүхэд хамгааллын үйлчилгээ авахаар хүсэлт гаргах, зөвлөгөө, мэдээлэл авах, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөс бусад тохиолдолд хүүхэд хамгааллын үйлчилгээнд оролцох, хамтран ажиллах эрхтэй.

22.8. Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно.

22.9. Энэ зүйл хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нэгэн адил үйлчилнэ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу