Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэх товтой байв.

Шүүгдэгч Ц.Болортуяагийн өмгөөлөгч н.Ганбаатар, шүүгдэгч О.Хонгорзулын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Д.Цогбадрахын өмгөөлөгч Р.Машлай нар биеийн эрүүл мэндийн байдалтай холбогдуулан шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтүүдийг холбогдох баримтын хамт ирүүлжээ.

Мөн шүүгдэгч Г.Энхтайвангийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа, шүүгдэгч Б.Түмэнжаргалын өмгөөлөгч Б.Ганпүрэв, шүүгдэгч С.Бямбасүрэнгийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цолмонгийн өмгөөлөгч Д.Очирдорж нар шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтүүдийг холбогдох баримтуудын хамт ирүүлсэн байна.

Шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ким Кэа Баумын өмгөөлөгч Н.Мандах, шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн И Жун Собын өмгөөлөгч н.Батнасан нар хилийн чанадад зорчиж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтүүдийг холбогдох баримтуудын хамт ирүүлснийг шүүх хүлээн авчээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиуны мэдээлснээр, шүүхээс шүүгдэгч А.Ганхуяг нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 10.00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу