Алжирын боксчин, 2024 оны Олимпын алтан медальт Имане Хелиф өнгөрсөн Бямба гарагт “Францад хүйс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, цахимаар дарамталсан” хэмээн шүүхэд гомдол гаргасан талаар түүний өмгөөлөгч мэдэгджээ.

Олимпын наадмын үеэр эмэгтэйчүүдийн боксын жендэрийн асуудал хөндөгдөж, маргааны төвд байсан Хелиф өнгөрсөн Баасан гарагт “Парист ялалт байгуулж, шүүмжлэгчдэд гайхалтай сайхан хариу барилаа” гэж мэдэгдсэн байна.

Набил Боуди “Боксчин Имане Хелиф шударга ёс, нэр төрийн төлөөх шинэ тулаанаа эхлүүлэхээр шийдсэн. Хэлиф ‘онлайнаар дарамталсан’ гэсэн үндэслэлээр Парисын прокурорт гомдол гаргасан” гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр “Мөрдөн байцаалтын явцад энэхүү харгис үзэл, арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхах кампанит ажлын ард хэн байгааг олж тогтоох болно. Гэхдээ бас цахимаар дарамталсан хүмүүсийг зүгээр орхихгүй” гэж нэмж хэлжээ.

Боуди “Боксын аваргад учирсан “дарамт” олимпын наадмын хамгийн том толбо хэвээр байх болно” гэж хэлсэн байна.

Баасан гарагт эмэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн финалд Хятадын Ян Лиуг онооны давуу байдлаар ялсан Хелиф сүүлийн 14 хоногийн турш Францын нийслэлд олон нийтийн анхаарлын төвд байв.

Хелифээс гадна Бямба гаригт эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд финалд шалгарсан Тайванийн Лин Ю-Тин ч жендэрийн шалгуурт тэнцээгүй тул өнгөрсөн жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ хасуулжээ.

Гэсэн хэдий ч тэд Парист өрсөлдөх эрхтэй болж, наадмын хамгийн том маргааныг дэгдээсэн юм. Линий хувьд “ялгаварлан гадуурхалт”-д хэрхэн хариу барихаа одоогоор шийдээгүй байгаа аж.

Хелиф дэлхийн аваргад оролцох эрхээ хасуулсан талаар асуусан сэтгүүлчдийн асуултад “Би оролцох бүрэн эрхтэй, би бусадтай л адил эмэгтэй хүн. Би эмэгтэй хүн болж төрөөд, эмэгтэй хүний амьдралаар амьдарч, эмэгтэй хүний ​​хувьд өрсөлдсөн” гэж хариулжээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн бага хурал дээр Олон улсын боксын холбооны Ерөнхийлөгч Умар Кремлев “Хелиф, Лин нар ‘эр хүн’ болохыг генетикийн шинжилгээний хариу харуулсан” гэж мэдэгдсэн байна.

Олон улсын боксын холбоо 2023 онд Лин, Хелиф нарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг хассан ч Олон улсын олимпын хороо тэдэнд “Парис 2024”-д өрсөлдөх эрх олгожээ.

Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах “2028 оны Лос-Анжелесийн наадамд бокс тоглохыг нь зөвшөөрөх эсэхийг ирэх оны эхний хагаст багтаан шийдвэрлэнэ” гэж Баасан гарагт мэдэгдсэн байна.

Бах “Бид тодорхойгүй байдалд дургүй. Бид асуудлыг онцгойлон авч үзэх болно. Гэхдээ хэн нэгнийг хараад шууд эмэгтэй хүн биш, эсвэл улс төрийн хэт ашиг сонирхол бүхий, итгэл үнэмшилгүй байгууллагын гүтгэлгийн кампанит ажилд автсан гэж хэлэх боломжгүй юм” гэж хэлжээ.

Эх сурвалж: FRANCE24, AFP, NEWS WIRE
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу