“Парис 2024” зуны ХХХIII олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Монгол Улсаас есөн тамирчин хүч үзсэн боловч нэг нь ч медаль хүртээгүй. Үүнтэй холбогдуулан тайлбарлагч С.Шижирбат байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Олимпын анхны медалиудыг авсан түүхтэй чөлөөт бөхөө үздэг, дэмждэг та бүхнийгээ баярлуулах гээд хараахан чадсангүй. Тамирчид маань бэлтгэл, форм таарсан, сайн байлаа. Илүү явж байгаад төгсгөлд хүнд ялагдлууд амслаа. Үнэхээр юм юм дутаад ялагдсан бол харамсаад байхгүй.

Орой болгон харах бөхтэй байж, дөрвөн тамирчин хүрлийн төлөө ялагдлаа. Дөрвүүлээ биш юмаа гэхэд гурав нь медаль авчих байлаа. Алдаа оноогоо дүгнээд илүү сайжирч явна.

Спорт холбоодыг авч явна гэдэг ашгийн бус хүнд ажил байдаг юм. Тоочвол өчнөөн юм бий. Чөлөөт бөхдөө хайртай хүмүүс л зүтгэдэг, гаднаас хараад шүүмжлэх амархан.

Чөлөөт бөхийн холбоо шинэчлэгдэж богино хугацаанд сайн ажилласан. Одоо цаашдын бодлого төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Өмнө нь олон удаа удирдлага солигдож байсан түүхтэй. Одоо дахиад солигдоод хэцүү. Оронд нь хэн ирэх вэ, ирсэн хүн үнэхээр сайн ажиллаж чадах уу гээд эргэлзээтэй зүйлүүд бий.

Дасгалжуулагчдын асуудалд бол дотоод нөөц бага, цөөн дасгалжуулагчтай, мэдээж залуу дасгалжуулагч нарын үе ирсэн, зүтгэнэ.

Дагестан, Америк, Японоос дасгалжуулагч авья гэвэл цалинг нь дийлэхгүй. Мөн тухайн дасгалжуулагч үнэхээр чин сэтгэлээсээ ажиллах уу гэдэг асуудал гарна. Манай дасгалжуулагч нарын чадвар дэлхийн түвшнээс тийм хол хоцорсон юм байхгүй.

Оросын чөлөөтийг олон жил авч явдаг Осетин, Дагестан, Америк, Японы суурь сургалт өсвөрийн хүүхдүүдийн бодлого л илүү байдаг учраас ноёлдог шалтгаан нь байдаг юм.

Бид өсвөр залуучуудын бодлогоо зөв тодорхойлоод цаашдаа хэрэгжүүлэх ажлуудаа сайн хийгээд явахад авьяастай хүүхдүүд олон учраас олимп, дэлхийн аварга төрүүлж чадна. Эцэст нь, эдгээр зүйлүүд эдийн засагтайгаа л холбогддог доо” хэмээсэн байна. 

Сануулахад, Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр 2023 оны арванхоёрдугаар сараас хойш Я.Содбаатар ажиллаж буй юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу