“Парис 2024” зуны олимпын наадамд оролцсон баг, тамирчдыг дэмжих багтай холбоотой асуудал маргаан дагуулсан хэвээр байна. 

Олимпын чөлөөт бөхийн төрөлд өрсөлдсөн МУГТ Т.Тулга, М.Лхагвагэрэл нарын сэтгэл зүйчээр У.Чулуунчимэг гэх эмэгтэй ажилладаг ажээ. Тэрбээр өөрийн зардлаар Парис хотод очсон ч тамирчидтайгаа уулзаж, ярилцах мандат олдоогүй гэх мэдээлэл гараад буй юм. 

Тодруулбал, иргэн “Т.Тулга хүрэл медалийн төлөөх барилдааныхаа өглөө утасдаад “Багш аа, гараарай, би унаандаа суучихлаа” гэж дээ. У.Чулуунчимэг ч бас унаанд явж байв. Хоёр талаасаа тэгтлээ хичээж, тэгтлээ яарсан боловч Шамп Де Махс ордны гадаа дахиад л мандатгүй учраас орж чадахгүй холхиж, МҮОХ, Чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир спортын улсын хорооноос очсон нэр, зүс мэдэх хүмүүс рүүгээ залгаад, чимээ байхгүй.

Аргаа бараад хэвлэл мэдээллийг төлөөлж очсон ганц хүн рүү ярихад азаар холбогдож чадсан боловч түүний мандат бэлтгэлийн хэсгээр зорчих эрхгүй байж таарав. Ингээд Т.Тулга маань сэтгэл зүйч рүүгээ хэд дахин залгаад, яаж ч чадалгүй утсаа унтраан, бэлтгэлийн танхимд бие халаахаар орсон байгаа юм.

У.Чулуунчимэг орчих санаатай хүн хүний гар дагуулж хараад, мандатны сураг гаргачих горьдлого тээн бөглөрч зогсоход Э.Бадар-Ууганы эхнэр, Б.Баттүшигийн дагуулууд тэр хаалгаар дээгүүр харан орж, гарцгааж, зэрэг зиндаа гээчийг зэвүүн муухай илэрхийлцгээж байж дээ.

Эд нараас гуйвал өгөх болов уу, ойлгох болов уу… У.Чулуунчимэг ороод очих горьдлогоосоо зүүгдэн, телевизээр ч шавийнхаа барилдааныг үзэж чадахгүй, үүд сахисаар, тэмцээн дууссан хойно нэг эрэгтэй дасгалжуулагчийн мандатыг зүүгээд, туулайчлан орсон байна” хэмээн цахим хуудастаа бичсэн. 

МУГТ Т.Тулга үүнийг үгүйсгэжээ.

Тэрбээр цахим хуудастаа “Тэмцээний өглөө ийм зүйл ерөөсөө болоогүй. Үнэн бодит мэдээлэл түгээхийг хүсэж байна. Бидний төлөө ажиллаж байгаа албан байгууллагын нэр хүндэд халдахгүй байхыг хүсье. Хоёр талын баримттай мэдээлэл түгээхийг хүсэж байна” хэмээн бичсэн байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу