“Парис 2024” зуны олимпын наадамд оролцсон баг, тамирчдыг дэмжих багтай холбоотой асуудал маргаан дагуулсан хэвээр байна. 

Олимпын чөлөөт бөхийн төрөлд өрсөлдсөн МУГТ Т.Тулга, М.Лхагвагэрэл нарын сэтгэл зүйчээр У.Чулуунчимэг гэх эмэгтэй ажилладаг ажээ. Тэрбээр өөрийн зардлаар Парис хотод очсон ч тамирчидтайгаа уулзаж, ярилцах мандат олдоогүй гэх мэдээлэл гараад буй юм. 

Сэтгэл зүйч У.Чулуунчимэг тайлбар хэллээ. Тэрбээр “Би 2018 оны нэгдүгээр сараас чөлөөт бөхийн найман тамирчинтай ажиллаж эхэлсэн. Тэдний хоёр нь Т.Тулга, М.Лхагвагэрэл. Эхнээс нь бичвэл их олон зүйл бичих болох нь. Энэ удаад би олимпод ирэхдээ Монголын чөлөөт бөхийн холбоонд хандаж, Парис явах багт оруулж өгөхийг хүссэн юм.

Чөлөөт бөхийн холбоо миний хүсэлтийг нааштайгаар хүлээн авч, олимпын багийн бүрэлдэхүүнд багтаж, визэд орохоос эхлээд бүх цаг үед багийн нэг хэсэгт явсан.

Холбооны зүгээс олимпын квот хүрэлцэхгүй, тэмцээний заал руу нэвтрэх боломж тун бага гэдгийг ч сануулж байсан. Гэсэн ч миний хувьд олон жил ажиллаж, сэтгэл ухаанаа зарцуулсан тамирчдынхаа амжилт ялагдалтай хамт байх хүсэлдээ хөтлөгдөн, холбоотой ярилцаж тохиролцсоныхоо дагуу бүх зардал мөнгөний асуудлаа өөрөө хариуцаж ирсэн юм.

Тэмцээн эхлэх өглөөнөөс над руу чатаар, бас миний нүүр ном руу тааглаад хүртэл “Ажлаа хийгээч ээ, улсын зардлаар явчихаад…” гэсэн зурвасууд ирж байлаа. Би хувиараа ажилладаг, тамирчнаа дагаад ирсэн гэдгээ бас бичсэн.

Тэмцээний үеэр гурван удаа бие халаалтын заал руу эмэгтэй тамирчны мандатаар орсон бөгөөд Холбооны багш нар чадахаараа намайг дэмжиж ажилласан юм. Олимпын заал руу хүний мандатаар орох маш хэцүү.

Би сэтгэл зүйч хүн, тамирчныхаа хувийн мэдээллийг хадгалж нууцлах нь бидний ёс зүй. Тамирчныхаа талаар хэнд ч юу ч яриагүй, ярих ч ёсгүй, надад тийм ёс зүй ч байхгүй.

Парист чөлөөт бөхийн холбооны багш, арын албаны хүмүүстэй хамт нэг байранд байж байгаад л буцах гэж байна. Тамирчидтайгаа бүрэн дүүрэн ажиллаж, мэргэжлийн туслалцаа хангалттай үзүүлж чадаагүйдээ сэтгэл тун гутруу буцаж байна.

Цаашдаа холбогдох байгууллага нь олимпын квотын асуудалд онцгой анхаарч, баг тамирчдадаа нэн түрүүнд шаардлагатай мэргэжилтнүүдэд илүү боломж олгодог байгаасай гэж хүсэж байна.

Ялагдлын дараа хүн бүхэнд л таагүй мэдрэмж төрж байгаа, надад ч тийм байна” хэмээсэн байна. 

Х.ТҮШИГ