БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас 2025 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 цагт 10030 воноор тогтоожээ. Энэ нь долоо хоногт 40 цаг, сард 209 цагтай ажлын байранд сарын цалин 2.096.270 вон болж байна гэсэн үг аж.

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох хорооны долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Сэжон хотын Засгийн газрын цогцолборт болсон хуралдаанаас ийм шийдвэр гаргажээ. Хорооны 27 гишүүн бүгд хуралдаанд оролцсон байна.

Анхдугаар хуралдаанаас хойш 53 хоногийн дараа эцсийн шийдвэр гарч, долдугаар сарын 9-нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай үндсэн хэлэлцүүлгийг эхлүүлжээ.

Үйлдвэрчний эвлэлүүд нэг цагийн цалинг 12600 вон болгох санал гаргасан бол ажил олгогчдын төлөөлөгчид цагийн хөлсийг 9860 вон хэвээр үлдээхийг шаардсан байна. Хэлэлцээрийн үр дүнд, 1988 онд уг системийг нэвтрүүлснээс хойш 37 жилийн дараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ анх удаа 10000 воноос давжээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох хороо есөн ажилтан, есөн ажил олгогч, есөн төрийн төлөөлөл гэсэн 27 хүний ​​бүрэлдэхүүнтэй хуралдаж, тус хуралдаанаас гаргасан шийдвэрийг БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яаманд уламжилсан байна.

Тус яам дээрх шийдвэрийг баталснаар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний шинэ стандарт мөрдөгдөж эхлэхээр болжээ.

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс “БНСУ-ын түүхэнд анх удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10.000 воноос дээш гаргасан үзүүлэлт болж байна” гэж мэдээлэв.

Эх сурвалж: KBS WORLD, KOREA.NET
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу