Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт анхан шатны шүүхээс 4.9 жилийн хорих ял оноосон. Түүнийг:

-Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах”,
-13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах”, 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх”,
-18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах”, 19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэх таван зүйл ангиар буруутгасан.

Н.Өнөрцэцэг “Шүүх хурлыг өмгөөлөгчгүйгээр, хаалттай явуулж намайг хэлмэгдүүллээ” гэж үзэж байгаа тул өнөөдөр (2024.08.13) Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа дурдсан байна.

Тэрбээр давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөх хүсэлтээ өгсөн бөгөөд олон нийтээс ч шүүх хурлыг ил тод, нээлттэй явуулахыг дэмжиж өгөхийг хүсчээ.

Эх сурвалж мэдээлэхдээ “Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргүүд нь олон нийтийн мэдэх эрхийг хангахын төлөө ажилласан түүний сэтгүүлчийн ажилтай холбогдох бөгөөд түүний огт мэдэхгүй цаас ч түүнд холбогдох хэргийн нэг болоод буй нь хачирхалтай.

Тиймээс түүнийг буруутгаж буй үйлдэл нь хэвлэлийн эрх чөлөөнд халдаад зогсохгүй, Монгол Улсын иргэнийг үндэслэлгүйгээр буруутгаж, ял тулган хүний эрх, эрх чөлөөг нь хязгаарлаж буй хууль бус үйлдэл гэж олон нийт дүгнэж байгаа юм” гэв.

Х.НУРЖАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу