Ойрхи Дорнодын мөргөлдөөн хурцадсаны улмаас газрын тосны нийлүүлэлт багасаж магадгүй гэсэн таамгаас үүдэн өнгөрсөн Даваа гарагт газрын тосны үнэ 3 гаруй хувиар нэмэгдэж, тав дахь өдрөө дараалан өсчээ.

Дэлхийн жишиг “Brent” төрлийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 82.30 ам.долларт хүрч, 2.64 ам.доллар буюу 3.3 хувиар өссөн байна.

АНУ-ын баруун Техасын газрын тосны фьючерс нэг торх нь 80.06 ам.долларт хүрч, 3.22 ам.доллар буюу 4.2 хувиар өсчээ. “Брент” төрлийн газрын тос энэ онд нэг удаагийн арилжаагаар хамгийн их хувийн өсөлт үзүүлсэн нь энэ юм.

АНУ-ын Батлан ​​хамгаалах яам өнгөрсөн амралтын өдөр “Иран болон холбоотнууд Израиль руу довтолж болзошгүй тул Ойрхи Дорнод руу удирдлагатай пуужин бүхий шумбагч онгоц илгээнэ” гэж мэдэгджээ.

ХАМАС-ын удирдагч Исмаил Хание болон “Хезболла”-гийн цэргийн командлагч Фуад Шукр нарын амийг хөнөөсөн хэргийн хариуг барихаа Иран болон “Хезболла” бүлэглэл амалсан. Халдлага гарвал Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг өргөжүүлэхийн зэрэгцээ дэлхийн түүхий газрын тосны нийлүүлэлтэд нөлөөлж, үнийг өсгөж болзошгүй юм.

Нью-Йорк дахь “Mizuho” компанийн Эрчим хүчний фьючерсийн захирал Боб Явгер “Ийм мөргөлдөөн гарвал дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд ноцтой нөлөө үзүүлж, үнийг улам өсгөх боломжтой. Ойрхи Дорнодын мөргөлдөөн өргөжвөл АНУ-аас Ираны газрын тосны экспортыг хориглож магадгүй бөгөөд өдөрт 1.5 сая торх газрын тосны нийлүүлэлтэд нөлөөлж болох юм” гэж хэлжээ.

Үүний зэрэгцээ Газын онцгой байдлын албанаас “Израилийн цэргийнхэн өнгөрсөн Даваа гарагт Газын өмнөд хэсэгт орших Хан Юнис хотын ойролцоох сургууль руу агаараас довтолж, наад зах нь 90 хүний ​​аминд хүрсэн” гэж мэдээлэв.

Израиль “амиа алдагсдын тоог хэтрүүлсэн” гэж үзэж буй бол ХАМАС бүлэглэл гал зогсоох шинэ хэлэлцээнд оролцох эсэхдээ эргэлзэж байгаа аж.

Нью-Йорк дахь “Aga Capital”-ийн түнш Жон Килдуфф “Бүс нутгийн хэмжээнд мөргөлдөөн өргөжвөл Израиль Ираны газрын тосны нөөцөд халдаж, Ирак зэрэг бүс нутгийн бусад чухал үйлдвэрлэгчдийн түүхий газрын тосны олборлолтод саад учруулж болзошгүй” гэж хэлжээ.

Шинжээчид “Өнгөрсөн долоо хоногт “Брент” төрлийн газрын тосны үнэ 3.7 хувиар, WTI төрлийн газрын тосных 4.5 хувиар өссөн нь АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, төв банкнаас хүүг бууруулна гэсэн хүлээлт үүссэнтэй холбоотой гэж үзэж байсан. Учир нь АНУ-ын эдийн засаг сайжирснаар газрын тосны хэрэглээ нэмэгдэх боломжтой юм” гэж хэлсэн байна.

АНУ-ын гурван банкны захирлууд “Өнгөрсөн долоо хоногт инфляцийн түвшин буурсан нь Холбооны нөөцийн сан ирэх сард бодлогын хүүгээ бууруулах хангалттай үзүүлэлт боллоо” гэж мэдэгджээ.

Хүүгийн бууралт эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх хандлагатай бөгөөд энэ нь газрын тос зэрэг эрчим хүчний эх үүсвэрийн хэрэглээг нэмэгдүүлдэг.

Хөрөнгө оруулагчид Лхагва гарагт АНУ-ын хэрэглээний үнийн индексийн долдугаар сарын мэдээг хүлээж буй бөгөөд зургадугаар сард хасах 0.1 хувиар буурсан инфляци 0.2 хувь хүртэл өсөх төлөвтэй байгаа аж.

Дэлхийн хамгийн том газрын тосны импортлогч Хятадын хэрэглээний үнэ долдугаар сард хүлээгдэж байснаас хурдтай өссөн нь газрын тосны үнэд багагүй нөлөөлжээ.

Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу