ОХУ-ын Гадаад тагнуулын алба (SVR)-наас “Вашингтон Владимир Зеленскийн оронд Украиныг илүү сайн удирдах, чадварлаг, авлигын асуудалд холбогдоогүй хүн сонгох хувилбаруудыг судалж байна” гэж мэдэгджээ.

Тус мэдэгдэлд “Америкийн элитүүд Зеленскийд сэтгэл ханамжгүй байгаа бөгөөд Ардчилсан болон Бүгд найрамдах намын аль аль нь Киевийн авч буй олон тэрбум ам.долларын цэргийн тусламжийг зориулалтын дагуу зарцуулж байгаад эргэлзэж, Зеленскийн “галзуу алхам”-уудыг шүүмжлэх хүмүүсийн тоо нэмэгдэж байна.

Иймд АНУ-ын засаг захиргаа Зеленскийг албан тушаалаас нь огцруулахын тулд түүний нэр хүндийг гутаах мэдээллийн хүчтэй кампанит ажил явуулахаар төлөвлөж, Киевийн дэглэмийн тэргүүнийг орлох, барууны холбоотнуудын дийлэнхийн хүсэлт сонирхолд нийцэх хүнийг хайж байна” гэжээ.

Тэд Украины Дотоод хэргийн сайд асан Арсен Аваковыг “хамгийн тохиромжтой нэр дэвшигч” гэж үзэж байгаа аж.

SVR “Аваковын давуу тал нь Украины үндсэрхэг үзэлт бүлгүүдтэй ойр дотно, Европын орнуудын удирдагчидтай байнгын харилцаатай байдаг” гэж нэмж мэдэгдсэн байна.

Тагнуулын албаныхан “Цагаан ордны үзэж байгаагаар, энэ нь барууны орнуудад Украины мөргөлдөөнийг зохицуулах талаар Оростой хийх хэлэлцээг эхлүүлэхэд илүү сайн бэлтгэх боломж олгоно” гэж онцолжээ.

Зеленскийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн тавдугаар сарын 20-нд дууссан. Украины Ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 31-нд, шинээр сонгогдсон төрийн тэргүүний тангараг өргөх ёслол тавдугаар сард болох ёстой байв.

Дайны байдал, бүх нийтийн дайчилгаа гэх үндэслэлээр санал хураалтыг цуцалсан. Зеленский “Одоо сонгуульдах цаг биш” гэж хэлээд, энэ асуудлыг зогсоох ёстойг онцолсон.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Зеленскийн хууль ёсны эрхийг ямар ч “заль мэх”-ээр сэргээж болохгүй бөгөөд Украины цорын ганц хууль ёсны эрх мэдэл Дээд Рада болон түүний спикерт хэвээр байгаа юм” гэж тэмдэглэжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу