Эрдэмтэд өнгөрсөн Даваа гаригт Дэлхийг хүчтэй соронзон шуурга дайрч буйг  бүртгэжээ. ОХУ-ын Хэрэглээний геофизикийн хүрээлэн (FSBI “IPG”)-гээс энэ талаар “ТАСС” агентлагт мэдээлсэн байна.

Соронзон шуурга хэдийнэ G3 түвшинд хүрсэн бөгөөд энэ нь хяналтын таван үзүүлэлтийн масштабаар авч үзвэл “хүчтэй” гэсэн үг бөгөөд G5 нь “маш хүчтэй”, G1 нь “сул” түвшин ажээ.

G3 түвшний хувьд дэлхийн эрчим хүчний системд нөлөөлж, харилцаа холбооны үйлчилгээнд саатал үүсгэж, хиймэл дагуулын сүлжээг тасалдуулж, цахилгаан сүлжээнд хэт ачаалал үүсгэж болзошгүй юм байна.

Мөн хиймэл дагуулын болон нам давтамжийн радио навигацийн тасалдал, өндөр давтамжийн радио холбоо тасрах магадлалтай бөгөөд дунд өргөрөгт аврора ажиглах боломжтой болдог аж.

Наран дээр дэлбэрэлт болсноор Нарны плазм цацагддаг бөгөөд плазман үүл Дэлхийд хүрч ирснээр соронзон шуурга үүсдэг байна.

ОХУ-ын ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнгийн Нарны одон орон судлалын лаборатори, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Нар-газар физикийн хүрээлэнгийн цахим хуудаст өмнө нь соронзон шуурга наймдугаар сарын 9-ний 18.00 цагаас хойш эхэлж, Москвагийн цагаар наймдугаар сарын 11-ний 12:00 цагт дуусна. Түүний түвшинг дундаж (G2) гэж үнэлсэн” гэж мэдээлжээ.

“Фобос” цаг уурын төвийн ахлах мэргэжилтэн Михаил Леус өөрийн Telegram сувгаараа дамжуулан “Бага хүчтэй соронзон шуурга Мягмар гаргийн орой зогсоно. Өчигдөр орой Москва мужид Аврора бореалис ажиглагдсан” гэж мэдээлсэн байна.

Цаг уурч “Хэдийгээр соронзон шуурга үргэлжилсээр байгаа боловч одоогоор намжмал байдалтай байна. Урьдчилсан мэдээгээр, энэ нь өнөөдөр зогсох төлөвтэй байна” гэж  тэмдэглэжээ.

Михаил Леус өнгөрсөн шөнө Москва мужид аврора ажиглагдсан талаар мэдэгдсэн байна. Цаг уурчид энэ үзэгдлийг хараагүй ч олон нийтийн сүлжээнд энэхүү үзэгдлийн олон тооны гэрэл зургууд тавигдсан талаар мэдээлжээ.

Энэ оны тавдугаар сард Дэлхий сүүлийн 20 жилд бүртгэгдээгүй хамгийн хүчтэй соронзон шуургад өртсөн байна. Үүний нөлөөгөөр АНУ, Европ, Австралийн шөнийн тэнгэрт ердийнхөөс хамаагүй доогуур өргөрөгт туйлын туяа үзэгджээ.

Нэмж дурдахад, 11 жилийн мөчлөгийн дагуу Нарны идэвхжлийн оргил үе ойртож байгаатай холбоотойгоор сүүлийн үед ийм үзэгдлүүд ихсэх болсон байна.

Эх сурвалж: TASS, AFP, AIF
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу