Монгол Улсад шатрын ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 10-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэ жил буюу 13 дахь удаагийн тэмцээнд есөн орны 81 шатарчин +50, +65 гэсэн хоёр насны ангилалд оюун ухаанаа сорьж байгаа аж. Дээрх тамирчдын 23 нь олон улсын цолтойгоос тус тэмцээний чанар чансааг харж болох нь.

Энэ жил Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) үүсэн байгуулагдсаны 100 жил, Монгол Улсад Орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буй. Эдгээр тэмдэглэлт баярын хүрээнд ахмадын Ази тивийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг өндөр ач холбогдол өгч, зохион байгуулж байгаа талаар Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөж буй Монголын багийн онцлох тамирчдаас дурдвал, өдгөө 78 настай, гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн +65 насны ангилалд өрсөлдөж байгаа ажээ.

Тэрбээр Их мастер Б.Хатанбаатар, Ц.Батчулуун, А.Энхтуул тэргүүтэй шилдэг шатарчдыг бэлтгэн гаргасан билээ.

Мөн Б.Хатанбаатар, Н.Төвсанаа, Б.Баярмандах, Г.Оюунчимэг, Ж.Лхагва, Ч.Хүрэлбаатар нарын шатарчид өрсөлдөөнд өнгө нэмж буй юм байна.

Тэмцээнийг таван өргийн дараа 65-аас дээш насны ангилалд Казахстаны шатарчин, олон улсын мастер Владислав Насибуллин 4.5 оноотой тэргүүлж байгаа бол Филиппиний шатарчин Эфрин Багамасбад тэргүүтэй таван мастер 4.0 оноогоор нэхэж буй аж. Түүнчлэн Ж.Лхагва, Р.Энхбат, П.Жигжидсүрэн, Д.Түдэв нар 3.5 оноотой тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд яваа юм байна.

Тэмцээний 50-иас дээш насны ангилалд ФИДЕ мастер Н.Төвсанаа ганцаараа таван оноотой тэргүүлж байгаа бол Казахстаны Олег Головчук, их мастер Б.Хатанбаатар болон Г.Энхбаяр нар удаалж байгаа аж.

Тэмцээн энэ сарын 18-нд өндөрлөж, медальтнууд тодрох юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу