Японы Ерөнхий сайд Фумио Кишида ирэх сард болох, эрх баригч Либерал ардчилсан нам (LDP)-ын даргын сонгуульд дахин өрсөлдөхгүйгээ мэдэгджээ. Иймд тус улс шинэ Ерөнхий сайдтай болно гэсэн үг юм.

Токиод Лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Кишида ЛАН-ын удирдлага шинэ нүүр царайтай болох цаг нь болсон бөгөөд дараагийн удирдлагыг бүрэн дэмжихээ мэдэгджээ.

Кишида сэтгүүлчдэд “Энэ удаагийн сонгуулиар ард түмэнд ЛАН өөрчлөгдөж, шинэ ЛАН болсныг харуулах хэрэгтэй. Үүний тулд ил тод, нээлттэй сонгууль явуулж, чөлөөт, эрч хүчтэй мэтгэлцээн өрнүүлэх нь чухал.

ЛАН өөрчлөгдөнө гэдгийг харуулах хамгийн тодорхой эхний алхам бол миний бие намын даргын өрсөлдөөнл оролцохгүй байх асуудал юм. Би удахгүй болох намын даргын сонгуульд нэр дэвшихгүй” гэж хэлжээ.

Японы хэвлэлүүд тэр дундаа NHK үндэсний телевиз өмнө нь “Кишида нэр дэвших бодолгүй байгаагаа засаг захиргааны өндөр албан тушаалтнуудад мэдэгдсэн” гэж мэдээлсэн байна.

Кишида 2021 оны есдүгээр сард гурван жилийн хугацаатайгаар намын даргаар сонгогдсон бөгөөд удалгүй бүх нийтийн сонгуульд ялалт байгуулжээ. Гэвч намын арга хэмжээнд зориулж зарагдсан тасалбараас цугларсан улс төрийн хандив тойрсон ЛАН-ын томоохон авлигын дуулианы улмаас түүний рейтинг огцом буурсан.

Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн тэргүүлсэн томоохон намын бүлэгт харьяалагддаг 80 гаруй хууль тогтоогчид энэ дуулианд холбогдож, өнгөрсөн нэгдүгээр сард туслахуудын хамт 10 хүнийг авлигын хэрэгт буруутгажээ.

ЛАН парламентад хамгийн олон суудалтай тул намын даргын төлөөх өрсөлдөөнд хэн ялсан нь Японы дараагийн Ерөнхий сайд болно.

Кишидагийн Засгийн газар Япон улс батлан ​​хамгаалах зардлаа 2027 он гэхэд ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх НАТО-гийн стандартад хүргэхээ амалсан аж. Энэ нь Хятад улс Ази Номхон далайн бүс нутагт улам бүр хатуу байр суурьтай байгаад санаа зовсон АНУ-ын дэмжсэн хэдэн арван жилийн хатуу энх тайванч үзлийн эргэлт болж буй.

Кишида өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-д айлчилж, хоёр улс хамтын ажиллагааны “шинэ эрин”-ийг эхлүүлж буйгаа зарласан билээ.

Япон, Филиппин хоёр улс долдугаар сард бие биенийхээ нутаг дэвсгэрт цэргээ байршуулахыг зөвшөөрсөн батлан ​​хамгаалах гэрээнд гарын үсэг зурсан юм.

Эх сурвалж: AL JAZEERA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу