Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагийн дотор зорчвол 1000 төгрөг, түүнээс дээш хугацаанд бол хоног тутамд 5000 төгрөгийн хураамж авах зохицуулалт есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. 

Улаанбаатар хотод өдөрт дунджаар хөдөө орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр 38 мянга болж өсдөг байна.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийн тоог бууруулах зорилгоор НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан. 

Уг тогтоолд орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг төлнө. Харин 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд буюу 24 цаг тутамд 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэжээ.

Тогтоол ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Автомашины жолооч нараас авсан төлбөрийг Нийслэлийн замын санд төвлөрүүлэх бөгөөд зам засвар арчлалтад зарцуулах ажээ.

Иргэд энэ талаар ямар байр суурьтай байгааг тодруулан хүргэж байна. 

“ОРОН НУТГИЙН АВТОМАШИНУУД ТҮГЖРЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙГАА НЬ ҮНЭН”

Жолооч Ц.Бямба “Би Улаанбаатар хотын унаган иргэн. Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх зохицуулалтыг зөв гэж бодож байна. Хөдөөнөөс нийслэлд маш олон машин орж ирж, түгжрэлд нөлөөлж байна. Тиймээс хураамж авахыг дэмжиж байгаа юм” хэмээн хэллээ. 

Залуу жолооч Т.Энхбаяр үүний эсрэг бодолтой байгаа аж. Тэрбээр “Улаанбаатарынхан зуны дэлгэр цагт хөдөө рүү маш их аялж, зугаалдаг. Өөрсдөө хөдөө явдаг байж, хот руу хөдөөгийн иргэд машинтай ирэхээр оруулахгүй байж болохгүй.

Тэгвэл орон нутгийнхан ч мөн хотын иргэдийг нутаг руугаа оруулахгүй гэх хандлагатай байна лээ. Орон нутгийн автомашинаас татвар авснаар түгжрэл дорвитой буурна гэж бодохгүй байна. Нөлөө маш бага байх” гэв. 

Т.Мөнгөнцэцэг жолоочийн тухайд, “Зайлшгүй ажил гарсан болохоор л иргэд нутгаасаа хот руу ирж байгаа шүү дээ. Түр хугацаагаар ажил амжуулахаар ирж байхад нь ядарсан иргэдээсээ хоногоор тооцож мөнгө авна гэдэг зохисгүй санагдаж байна.

Орон нутгийн машин нийслэлийн замын хөдөлгөөнд оролцох нь багассанаар түгжрэл тодорхой хэмжээнд буурна. Гэлээ гээд иргэдээ ялгаварлаж, дарамтлах нь онцгүй. Өчнөөн татвар шимтгэл төлж байгаа иргэдээ дахин мөлжих нь огт таалагдахгүй байна” хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Жолооч А.Жаргалсайхан  эл шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Орон нутгийн дугаартай автомашинууд Улаанбаатарын түгжрэлд нөлөөлж байна гэж үзээд, үүнийг багасгах зорилгоор авч байгаа арга хэмжээ шиг байна. Болохгүй зүйл байхгүй. Орон нутгийн автомашинууд түгжрэлийг нэмж байгаа нь үнэн. Энэ мэт арга хэмжээ авч байж асуудлыг алхам алхмаар шийдэх байх” хэмээн ярьсан юм. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

                 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу