ОХУ-ын Засгийн газар шатахууны экспортод тавьсан түр хоригоо 2024 оныг дуустал сунгасан байна. Газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд засвар хийхээр төлөвлөсөн, улирлын чанартай ажилтай холбоотойгоор ийм шийдвэр гаргажээ.

ОХУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-ний хооронд Шатахууны экспортыг түр хориглох тухай тогтоолын төслийг өргөн барьсан.

Энэ дагуу одоогийн байдлаар Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудаас бусад орнуудад шатахуун экспортлох боломжгүй байгаа юм. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр тус хоригийг түр хугацаагаар цуцалж, наймдугаар сарын 1-нээс дахин үргэлжлүүлсэн билээ.

ОХУ-ын Засгийн газрын мэдэгдэлд “ОХУ-ын Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд улирлын чанартай, төлөвлөгөөт засварын ажил хийгдэж байгаатай холбогдуулан 2024 оны есдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд шатахууны экспортыг түр хугацаагаар хязгаарлах тогтоолыг баталлаа” гэж дурджээ.

Түүнд мөн шатахууны экспортод тавьсан тус хориг олон улсын хүмүүнлэгийн тусламж болон иргэдийн хувийн хэрэгцээндээ зориулан экспортолж буй шатахуунд хамаарахгүйг тодотгосон байна.

Түр хориг Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хийгдсэн түлш шатахууны нийлүүлэлт, түүний дотор Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад хамаарахгүй ажээ.

ОХУ-ын Эрчим хүчний яамны Нэгдүгээр орлогч дарга Павел Сорокин өнгөрсөн долдугаар сарын сүүлээр “Дизель түлшний экспортод хориг тавих шаардлагагүй” гэж мэдэгдсэн билээ.

Тус улсын ЗГХЭГ-аас 2023 оны намар шатахуун, дизель түлшний экспортыг хориглож, шатахууны “саарал” экспортыг зогсоож, дотоодын зах зээлийг хангана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн.

“Саарал” экспорт гэж “ченжүүд газрын тосны бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлийн үнээр худалдан авч, экспортлохдоо өндөр үнээр борлуулдаг нөхцөл байдал’-ыг хэлдэг байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу