Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Фумио Кишида-тай Японы талын хүсэлтийн дагуу 2024 оны наймдугаар сарын 13-ны өдөр утсаар ярилцжээ.

Ярианы эхэнд Ерөнхий сайд Ф.Кишида-гийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар 2024 оны наймдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөгдөж байсан хэдий ч тус улсын Миязаки мужид энэ сарын 8-ны өдөр болсон газар хөдлөлтийн улмаас учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, гамшгийн эсрэг авах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах шаардлагын улмаас энэ удаагийн айлчлалыг цуцлаад буй нөхцөл байдлын талаар тайлбарласан байна.

Тэрбээр уг айлчлалын бэлтгэлийг хангаж ажилласанд Монголын талд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монгол Улсад энэ удаа албан ёсны айлчлал хийх боломжгүй болсонд харамсаж буйгаа илэрхийлэхийн сацуу цаашид нөхцөл байдлыг харгалзан айлчлалыг хэрэгжүүлэхийн төлөө буйгаа хэлжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улс дахь газар хөдлөлт, байгалийн гамшгаас үүдсэн дотоодын нөхцөл байдалтай холбоотойгоор Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-гийн манай улсад хийхээр төлөвлөж байсан албан ёсны айлчлал энэ удаа цуцлагдах болсон тухай нөхцөл байдлыг маш сайн ойлгон, хүлээн авч байна.

Энэхүү цаг үед Монгол Улсын Засгийн газар, Монголын ард иргэд бидний нийтлэг үнэт зүйлс бүхий чухал “гуравдагч хөрш”, Тусгай стратегийн түнш Япон Улс, Японы ард иргэд, анд нөхөдтэйгөө сэтгэл зүрхээрээ хамт байгааг онцолжээ.

Талууд хүний эрх, эрх чөлөө, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэсэн байна.

Улмаар улс төрийн итгэмжилсэн байдлыг батжуулах, бүхий л түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлалыг улам бүр эрчимжүүлэх, эдийн засгийн харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын талбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотолжээ.

Монгол Улс, Япон Улсын хооронд Соёлын харилцааны 50 жилийн ой тохиож буй 2024 онд манай хоёр улсын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж буйг сайшаан тэмдэглэж, харилцаанд залуу үеийн төлөөллийг түлхүү хамруулж, ард иргэдийн солилцоо, найрамдал нөхөрлөлийг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлсэн байна.

Х.НУРЖАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу