Монгол Улсын эдийн засгийн идэвхжил өнгөрсөн зургаадугаар сард хүлээлтээс давж, энэ оны I улиралд 7.8 хувиар өсөв. Гадаад эрэлт сайн байж, нүүрсний олборлолт нэмэгдсэний зэрэгцээ өнгөрсөн оны сүүлийн хагасаас эрчимжсэн цалин, тэтгэврийн өсөлт өрхийн хэрэглээг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг тэтгэжээ.

Зудын нөхцөл байдал тооцоолсноос хүндэрч, малын зүй бус хорогдол өндөр байгаа нь хөдөө аж ахуй, боловсруулах салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлж буй. Дотоод эрэлт нэмэгдэж, хөдөө аж ахуй, боловсруулахаас бусад салбаруудын өсөлт хүлээлтээс сайн байгааг харгалзан энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 4.0 хувьд хүргэж нэмэгдүүлсэн байна.

Ирэх онд цаг агаарын хүндрэлээс үүдэлтэй сөрөг нөлөөлөл арилж, “Оюу толгой”-н үйлдвэрлэл эрчимжин эдийн засгийн өсөлтийг тэтгэхээр байгаа ажээ.

Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөв

Төв банкнаас гаргасан зургадугаар сарын инфляцын тайлан мэдээллээс харахад,

-Бодлогын хүүг 2024 оны II, III улиралд 11 хувьд хэвээр хадгалах;
-Нүүрсний экспортын биет хэмжээ 2024-25 онд өмнөх төсөөллөөс 6.7 сая.тн-оор өмнөх төсөөллөөс нэмэгдэх;
-Гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал 2024 онд 32 сая ам.доллароор өмнөх оноос өсөх, 2025 онд 600 орчим сая ам.доллароор өмнөх оноос буурах;
-Төсвийн зардал батлагдсан төсөв болон төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан дүнгээр байх;
-Энэ онд төмөр замын томоохон төслүүд хэрэгжихгүй нь Төсөөлөлд ашигласан гол таамаглалт нөхцөлүүд болжээ.

Эдийн засгийн өсөлт 2024 онд 4.0 хувь, 2025 онд 6.5 хувь, 2026 онд 4.6 хувьд хүрэх тооцоололтой байна. Эдийн засгийн өсөлтийн төсөөллийг нийлүүлэлт болон эрэлт талаас доор тайлбарлав.

Нийт нийлүүлэлт
Эдийн засгийн өсөлтийн төсөөлөл энэ онд өмнөхөөс бага зэрэг сайжирсан. Тодруулбал, нүүрсний экспортын төсөөлөл өмнөхөөс сайжрах, өрхийн хэрэглээ тэлж, импортын төсөөлөл нэмэгдэх зэрэг нь тээвэр, худалдаа, татварын орлого бүрдүүлэлтэд эергээр нөлөөлөхөөр байгаа ажээ.
Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаж, орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдэхээр байгаа нь барилгын салбарын өсөлтийг дэмжинэ гэж үзсэн байна.
Зудын нөхцөл байдал тооцоолсноос хүндэрч, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл өмнөх төсөөллөөс буурах, улмаар мах, махан бүтээгдэхүүний боловсруулалт багасаж, боловсруулах салбарын өсөлт өмнөхөөс саарахаар хүлээгдэж буй аж.

Ирэх онд цаг агаар хэвийн байна гэж үзсэнээр хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл сэргэхийн зэрэгцээ нүүрсний экспорт өмнөх төсөөллөөс нэмэгдэж, уул уурхай болон уул уурхайгаас хамаарал бүхий салбаруудын өсөлтийг дэмжин, нийт эдийн засгийн өсөлт өмнөхөөс нэмэгдэхээр байгааг тайланд тэмдэглэжээ.

2026 онд эдийн засгийн өсөлт өмнөх төсөөллийн орчимд хадгалагдахаар авч үзжээ.

Уул уурхай: Нүүрсний экспорт өмнөх оны өндөр түвшинд хадгалагдаж, зэс, төмрийн хүдэр, алт зэрэг эрдэс бүтээгдэхүүний олборлолт өмнөх оноос нэмэгдсэнээр уул уурхайн салбарын өсөлт энэ онд 17.9 хувьд хүрэхээр байгаа аж. Дунд хугацаанд “Оюу толгой”н үйлдвэрлэл эрчимжихийн зэрэгцээ нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлтийг дэмжихээр байгаа юм байна.

Уул уурхайн бус салбар: Зудын нөхцөл байдлаас шалтгаалан ХАА-н салбар энэ онд 27 орчим хувиар агших, үүнийг дагаад боловсруулах салбарын үйлдвэрлэл удаашрах хүлээлттэй болжээ. Харин ХАА, боловсруулахаас бусад салбаруудын хувьд өсөлтийн төлөв сайн байхаар байгаа аж.

Энэ оны I улирлын гүйцэтгэл хүлээлтээс давсан, дотоод эрэлт идэвхэжсэн, уул уурхайн
бүтээгдэхүүний экспорт өндөр байх зэрэг нөлөөгөөр тээвэр, мэдээлэл холбооны салбарын идэвхжил нэмэгдэж, худалдаа, үйлчилгээний салбарын өсөлт өмнөх оноос сайжран уул уурхайн бус салбарыг дэмжихээр байна.

Ирэх онд уул уурхайн салбарын дам нөлөө үргэлжлэхийн зэрэгцээ цаг агаарын нөхцөл байдал хэвийн болж, ХАА, боловсруулах салбаруудын үйлдвэрлэл нэмэгдэнэ гэж үзжээ.

Нийт эрэлт
Өрхийн хэрэглээ болон экспортын төсөөлөл өмнөхөөс нэмэгдэж, энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөлөл сайжирчээ (Хүснэгт 2.2). Тодруулбал, өрхийн хүнсний хэрэглээний өсөлт бага байгаа ч цалин, тэтгэвэр өссөнөөр хүнсний бус хэрэглээ тэлэх, чулуун нүүрсний экспорт тайлант улиралд нэмэгдсэнтэй уялдан бараа, үйлчилгээний экспорт өмнөхөөс нэмэгдэж байгаа аж.

Дотоод эрэлт: Энэ онд дотоод эрэлт, үүн дундаа эцсийн хэрэглээ эдийн засгийн өсөлтийг голлон дэмжихээр байгаа юм байна. Тухайлбал, төрийн байгууллагын хэрэглээ эрчимжин 12 орчим хувьд хүрч өсөх, инфляц буурсан, цалин, тэтгэвэр өссөн зэргээс шалтгаалан өрхийн бодит орлого нэмэгдэж, өрхийн хэрэглээ үргэлжлэн тэлэх хүлээлттэй байна.

Ирэх онд төсвийн төлөв сулрах нь дотоод эрэлтийг дэмжих ч хөрөнгө оруулалт хумигдах, өрхийн хэрэглээний өсөлт энэ оноос бага байх нь нийт эрэлтийн өсөлтийг сааруулахаар байгаа аж.

Цэвэр экспорт: Энэ онд цэвэр экспорт өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх хүлээлт хэвээр байна. Тодруулбал, алт, зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг экспортын түүхий эдийн биет хэмжээ өмнөх оноос бага зэрэг нэмэгдэхээр байгаа ч нүүрсний экспорт өндөр байсан суурь үеийн нөлөөгөөр бараа, үйлчилгээний экспортын өсөлт өмнөх оноос саарахаар байгаа аж.

Нөгөө талаас, нүүрсний экспорт нэмэгдсэнээс шалтгаалан түүнд ашиглагдах машин тоног, төхөөрөмж болон нефтийн бүтээгдэхүүний импорт нэмэгдэх хандлагатай байна. Түүнчлэн  өрхийн хэрэглээ өмнөх оноос эрчимжсэнээр суудлын автомашин, гэр ахуйн тавилга, цахилгаан бараа зэрэг удаан эдэлгээт бүтээгдэхүүний импорт тэлэхээр байна. Ийнхүү импортын өсөлт экспортын өсөлтөөс өндөр хадгалагдах нь нийт эрэлтийг бууруулах нөлөө үзүүлэх нь.

Ирэх онд Оюу толгойн зэсийн баяжмал дахь алтны агууламж сайжирч, түүхий нефть, төмрийн хүдрийн экспорт нэмэгдэх нь нийт эрэлтийг тэтгэнэ гэж үзжээ.

Потенциал үйлдвэрлэл. Олон хувьсагчийн Калман фильтер, нэг хувьсагчийн HP фильтер, Үйлдвэрлэлийн функцийн арга зэрэг ялгаатай аргуудаар тооцсон потенциал үйлдвэрлэлийн дундаж өсөлт тайлант улиралд 6 орчим хувьд байна.

Үйлдвэрлэлийн функцийн аргачлалаар тооцсон потенциал үйлдвэрлэлийн өсөлтөд капитал хуримтлал, хөдөлмөр, бүтээмж зэрэг үйлдвэрлэлийн орцууд эерэг нөлөөтэй байх нь. Тэр дундаа потенциал үйлдвэрлэлд ашиглагдах хөдөлмөрийн орц нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Үйлдвэрлэлийн зөрүү. Гадаад дараалсан шокуудын нөлөөгөөр дотоод эдийн засгийн идэвхжил хумигдаж, үйлдвэрлэлийн зөрүү 2020-2022 онд сөрөг түвшинд хадгалагдсан. Харин 2023 онд уул уурхайн салбар сэргэж, дотоод эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнээс шалтгаалан нийт үйлдвэрлэлийн сөрөг зөрүү багасчээ.

Уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл 2023 оны сүүлийн хагасаас тайлант улирал хүртэлх 3 улирлын хугацаанд потенциал түвшнээсээ давж, үйлдвэрлэлийн зөрүү эерэг болсон байна. Үүнд, уул уурхайн салбарын эерэг дам нөлөөнөөс гадна худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг хөдөлмөр ихээр шингээдэг салбарын өсөлт сайжирч, түүнд ашиглагдах хөдөлмөрийн орц нэмэгдсэн нь нөлөөлжээ

Эдийн засгийн өсөлтийн гүйцэтгэл

Оны эхний улирлын эдийн засгийн өсөлтийг тоймлон авч үзвэл, хөдөө аж ахуйгаас бусад салбарын үйлдвэрлэл эрчтэй байна. Харин мал аж ахуйн салбар огцом унажээ.

Нийт нийлүүлэлт
Нийт үйлдвэрлэл I улиралд 7.8 хувиар өсчээ. Гадаад эрэлт тогтвортой байж, нүүрсний олборлолт нэмэгдсэн нь уул уурхайн салбарт эергээр нөлөөлсөн байна. Мөн уул уурхайг дагасан тээврийн салбар сайн байсны зэрэгцээ үйлчилгээний салбарын идэвхжил өндөр байв.

Цаг агаарын хүндрэлээс мал аж ахуйн салбарт томоохон гарз учирч, хөдөө аж ахуйн салбар огцом унасан. Нийт үйлдвэрлэлийн I улирлын өсөлтийг салбаруудаар авч үзвэл,  уул уурхайн олборлолт эхний улиралд 13.1 хувиар өсөж, эдийн засгийн өсөлтийн 1.9 нэгж хувийг бүрдүүлсэн байна. Тодруулбал, нүүрсний олборлолт тайлант
улиралд 22.0 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 4.4 сая тонноор давсан нь уул уурхайн салбарын өсөлтийг голлон бүрдүүлжээ.

Уул уурхайн салбарыг дагасан тээврийн салбарын нэмүү өртөг 27.2 хувиар өсөж, өсөлтөд 1.3 нэгж хувийн эерэг нөлөө үзүүлжээ. Дэлгэрүүлбэл, нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх жилээс 28 хувиар нэмэгдэж, 18.1 сая тоннд хүрсэн. Мөн төмөр замын дамжин өнгөрөх тээврээр 1.27 сая тонн ачаа тээвэрлэсэн нь тээврийн салбарын орлогыг нэмэгдүүлжээ.

Нийт үйлдвэрлэлийн 28 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг бусад үйлчилгээний салбар I улиралд 3.7 хувиар өсөж, идэвхжил нь сул байсан аж. Гэхдээ худалдаа (6.5 хувь), мэдээлэл холбооны салбарын (26.3 хувь) өсөлт өндөр байж тээврээс бусад үйлчилгээний салбар эдийн засгийн өсөлтийн 2.9 нэгж хувийг бүрдүүлжээ.

Хөдөө аж ахуйн салбар эхний улиралд жилийн 31.4 хувиар агшиж, эдийн засгийн өсөлтөд 1.3 нэгж хувийн сөрөг нөлөө үзүүлсэн байна. Үүнд, том малын зүй бус хорогдол I улиралд өнгөрсөн оны мөн үеэс 5.4 саяар нэмэгдэж, улсын хэмжээнд 6.3 саяд хүрсэн нь нөлөөлжээ.

Нийт эрэлт 2024 оны I улиралд 7.8 хувиар өсчээ. Энэхүү өсөлтийг 1) өрхийн хэрэглээ, Нийт экспорт тайлант улиралд 8.9 хувиар буурч, нийт эрэлтэд 7.5 нэгж хувийн сөрөг нөлөө үзүүлсэн байна. Нүүрсний экспорт I улиралд өмнөх жилээс 28.1 хувиар өсөж 18.1 сая тоннд хүрчээ.

Зэсийн баяжмал, цайрын хүдэр зэрэг түүхий эдүүдийн экспортын биет хэмжээ 21, 39
хувиар тус тус буурснаас шалтгаалан нийт эрэлтэд сөрөг нөлөө үзүүлсэн байна.

Өрхийн хэрэглээ сүүлийн 4 сар дараалан нэмэгдэж, 2024 оны I улиралд 20.1 хувиар өсөж, нийт эрэлтийн өсөлтийн 14.6 нэгж хувийг бүрдүүлсэн байна. Тайлант хугацаанд цалин нэмэгдсэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК хувьцааны ногдол ашиг тараасан зэрэг нь өрхийн бодит орлогод эергээр нөлөөлжээ.

Өрхийн хэрэглээг бүтцээр нь задалбал, хүнсний хэрэглээ төдийлөн нэмэгдээгүй, харин хүнсний бус хэрэглээний өсөлт өрхийн хэрэглээг голлон тайлбарлав.

Хүнсний бус хэрэглээ сүүлийн 10 улирал дараалан нэмэгдэж тайлант улиралд 29 хувиар өсөхөд тээврийн хэрэгсэл12, орон сууцны хэрэглээ голлон нөлөөлсөн байна. Хүнсний хэрэглээний хувьд сүүлийн 2 улирал аажмаар сэргэж 2024 оны I улиралд 2.4 хувиар өсчээ.

Төрийн байгууллагын хэрэглээ 2024 оны I улиралд өмнөх жилээс 47.1 хувиар нэмэгдэж, өсөлтийн 8.8 нэгж хувийг бүрдүүлсэн байна. Тухайлбал, цалингийн зардал тайлант улиралд жилийн 131.9 хувиар өсжээ.

Хөрөнгийн нийт хуримтлал 2024 оны I улиралд өнгөрсөн онтой харьцуулахад 11.1 хувиар өсөж, нийт эрэлтийн өсөлтөд 3.8 нэгж хувийн эерэг нөлөө үзүүлсэн байна.

Малын зүй бус хорогдлын улмаас үндсэн хөрөнгийн хуримтлал өмнөх жилээс буурч тайлант улиралд нийт эрэлтэд 1.6 нэгж хувийн сөрөг нөлөө үзүүлсэн бол, нийт бараа материалын үлдэгдэл харьцангуй их байгаа нь материаллаг эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж нийт эрэлтэд 5.4 нэгж хувийн эерэг нөлөө үзүүлжээ.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу