“Bloomberg” агентлаг “Катарын нийслэл Доха хотод өнөөдөр буюу наймдугаар сарын 15-нд болох Газын зурвасын асуудлаарх хэлэлцээнд Палестины ХАМАС хөдөлгөөний төлөөлөгчид оролцохгүй, харин зуучлагчид дүгнэлтээ хийснийхээ дараа хөдөлгөөнийхний талаар товч мэдээлнэ” хэмээн эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээлжээ.

Египет, Катар, АНУ наймдугаар сарын 14-нөөс 15-ны хооронд гал зогсоох хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг Израиль, ХАМАС-т уриалав. Гурван улсын удирдагчид тохиролцоонд хүрэх эцсийн саналаа танилцуулахад бэлэн болохоо мэдэгджээ.

Мягмар гарагт тус хөдөлгөөний Ливан дахь төлөөлөгч Ахмед Абдель Хади “РИА Новости” агентлагт “Хөдөлгөөний удирдлага удахгүй болох хэлэлцээрт оролцохгүй байхаар шийдсэн” гэж мэдээлсэн байна.

ХАМАС-ын Улс төрийн товчооны тэргүүн Яхья Синвар Лхагва гарагт РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө “Пүрэв гарагт Газын зурваст болох гэж буй эвлэрлийн хэлэлцээртэй холбоотой ямар ч мессэжийг зуучлагчаар дамжуулаагүй” гэж онцолжээ.

Израиль 2023 оны аравдугаар сарын 7-нд Газын зурваст пуужингийн цохилт өгсний дараа Палестины ХАМАС хөдөлгөөний дайчид хилийн бүс рүү нэвтэрч, цэргийн болон энгийн иргэд рүү гал нээж, 200 гаруй хүнийг барьцаалсан. Эрх баригчдын мэдээлснээр, 1.2 мянга орчим хүн нас баржээ.

Израилийн батлан ​​хамгаалах хүчин Газын зурваст “Төмөр сэлэм” ажиллагаа явуулж, энгийн иргэдийн буй объектууд руу халдсан. Израиль бүс нутгийг бүрэн бүслэн хааж байгаагаа зарласан. Улмаар ус, цахилгаан, түлш, хоол хүнс, эмийн хангамжийг зогсоосон билээ.

Израилийн аравдугаар сарын 7-ноос хойш Газын зурваст хийсэн цохилтын улмаас амиа алдагсдын тоо 39.5 мянга давж, 91 мянга гаруй хүн шархадсан байна.

Газын зурвас өдгөө өмнөд, хойд гэсэн хоёр хэсэгт хуваагдсан. Израиль ХАМАС бүлэглэлийн сүүлчийн түшиц газарт тооцогдож буй Рафахад хуурай замын ажиллагаа явуулж байгаа юм.

ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас талуудад хандан дайсагналаа зогсоохыг уриалав. Москвагийн хувьд “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс баталсан томъёоллын үндсэн дээр 1967 оны хилийн хүрээнд “Зүүн Иерусалим” хэмээх нийслэл хоттой Палестин улс байгуулах замаар асуудлыг зохицуулах боломжтой” гэсэн байр суурьтай байгаа ажээ.

Эх сурвалж: BLOOMBERG, RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу