Шүүхээс “кейбордын дайчин”-ыг үймээн самууны үеэр цахимаар “Лалын сүмийг томчуудтай нь хамт дэлбэл” хэмээх пост нийтлэснийх нь төлөө шоронд хорьжээ.

Их Британийн Chester Crown шүүх өдгөө 53 настай Жули Суиниг Их Британийн Кидсгров хотод, фэйсбүүк групптээ ийн пост оруулахаасаа өмнө “нам гүм, амар жимэр” амьдарч байсныг тогтоосон байна.

Түүнийг 15 сар шоронд хорих шийдвэр гаргасан шүүгч түүнд “Чам шиг хүмүүс шоронд орох хэрэгтэй” гэж хэлжээ.

Тус группын 5100 гишүүний нэг, яллагдагч Сара Бадрави шүүхэд “Өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд Саутпорт хотод гурван залуу охины амийг хөнөөсөн хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор цахимд нийтлэгдсэн олон сэтгэгдлээс болж хямарсан” гэж мэдэгджээ.

Саутпортын эмх замбараагүй байдлын дараа цагаан арьст болон ази хүмүүсийг оролцуулсан бичлэг цацагдсаны дараа Суини цахим хуудастаа “Үнэхээр инээдтэй юм. Лалын сүмүүдийг бүү хамгаал. Томчуудын хамт сүм хийдүүдийг дэлбэл” гэж бичжээ.

Бадрави дээрх бичлэгийг “доромжлол” гэж үзэж буйгаа хэлсэн байна.

“Бүдүүлэг хэрэг биш”

Суини баривчлагдахынхаа өмнө цагдаа нарт “Бүдүүлэг хэрэг биш, маш олон хүн ийм бодолтой байгаагаа илэрхийлж байна” хэмээн хэлсэн аж. Тэрбээр уурандаа ийм сэтгэгдэл бичсэн ч “хүмүүсийг айлгах бодолгүй” байснаа хэлээд, Facebook хаягаа устгахаа мэдэгджээ.

Жон Кин “Тэр тэнэг зан гаргаж, ийм зүйл бичсэнээ хүлээн зөвшөөрч байна. Тэр бол нэг өдрийн ганцхан сэтгэгдэл байсан шүү дээ. Тэр Чешир хотод нам гүм амьдарч байсан бөгөөд өнөөдрийг хүртэл шүүхэд дуудагдаж байсан удаагүй юм” хэмээн өмгөөлсөн байна.

Мөн “Тэр эелдэг, энэрэнгүй амьдралын хэв маягаар амьдардаг байсан нь лавлагаанаас харагдаж байна. 2015 оноос хойш нөхрийнхөө үндсэн асран хамгаалагчаар ажиллаж байна. Гаргасан үйлдэл нь түүний зан чанарт огт нийцэхгүй байгаа бөгөөд тэр чин сэтгэлээсээ гэмшиж байна” гэжээ.

Честерийн шүүгч Стивен Эверетт Суинид ял оноохдоо “Та зөв бодолтой байхын оронд үзэн ядалтыг дэвэргэсэн. Та 5100 гишүүнтэй фэйсбүүк группийн нэг гишүүн бөгөөд олон үзэгчтэй атлаа сүмд заналхийлж, үнэхээр аймшигтай үйлдэл гаргажээ.

Чам шиг “кейбордын дайчид” гэж нэрлэгддэг хүмүүс жигшүүртэй, муу муухай үг хэллэгийнхээ төлөө хариуцлага хүлээж сурах ёстой. Та санаатай гэхээсээ илүү болгоомжгүй хийсэн үйлдлийнхээ зохих шийтгэлийг зөвхөн цагдан хоригдож байж хүлээх ёстой” гэж хэлсэн байна.

Шүүхээс мөн иргэддээ хандан “Цахимд нууц нэрээр халхавчлан, бусдыг доромжилсон, заналхийлсэн, үзэн ядсан, турхирсан өнгө аястай пост оруулж болно гэж битгий эндүүрээрэй.

Энэ хэрэг нотлогдож байгаачлан биечлэн эсвэл онлайнаар ийм үйлдэл хийхээр шийдсэн бол бид таныг олох бөгөөд та хариуцлага хүлээх л болно” гэж анхааруулжээ.

Эх сурвалж: TELEGRAPH
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу