Япон улс Дэлхийн хоёрдугаар дайнд бууж өгсний 79 жилийн ойг Пүрэв гараг (2024.08.15)-т тэмдэглэж, дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ажиллагааг сүүлийн таван жилд анх удаагаа, COVID-тэй холбоотой хязгаарлалтгүйгээр зохион байгуулж байгаа ажээ.

Дайны үеэр амь үрэгдсэн 3.1 сая орчим япон цэргийн албан хаагч болон энгийн иргэдэд эмгэнэл илэрхийлэх энэхүү ёслолыг Японы Засгийн газраас санаачлан зохион байгуулсан байна. Тус ёслолд Японы Эзэн хаан Нарухито, Хатан хаан Масако, Ерөнхий сайд Фумио Кишида болон амь үрэгдэгсэдтэй холбоотой 4023 хүн оролцжээ.

Ёслолд оролцогчид дайнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэн, 12.00 цагт дуугүй зогссон бөгөөд коронавирусын халдвартай холбоотой хязгаарлалтыг цуцалсантай холбоотойгоор төрийн дуулал эгшиглүүлэхийг зөвшөөрсөн байна.

Ирэх есдүгээр сард болох эрх баригч Либерал ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшихгүйгээ мэдэгдэж, Ерөнхий сайдын суудлаа өгөх гэж буй Кишида уг арга хэмжээнд гурав дахь удаагаа оролцож, үг хэлжээ.

Кишида хэлсэн үгэндээ, өөрийн өмнөх удирдагч Ёшихидэ Суга, Шинзо Абэ нарын тогтоосон жишгийг дагаж, Ази дахь Японы дайны үеийн түрэмгийллийн талаар дурдаагүй байна.

Японы Ерөнхий сайд хууль дээдлэх зарчимд суурилсан олон улсын чөлөөт, нээлттэй дэг журмыг сахиулах хүчин чармайлтыг онцлон тэмдэглэжээ. Тэрбээр “Бид дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхийн тулд чадах бүхнээ хийх болно” гэж хэлсэн байна.

Түүнийг 2012 онд хоёр дахь удаагаа Ерөнхий сайдын албан тушаалд томилогдохоос өмнө Японы удирдагчид тус улсын түрэмгийллийн талаар байнга дурдаж, ёслол дээр харамсаж байгаагаа илэрхийлдэг байжээ.

Эзэн хаан Нарухито жил бүрийн дурсгалыг хүндэтгэх ёслолын үеэр хэлдэгчлэн “гүн харамсаж” буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр ёслолын үеэр “Өнгөрсөн түүхээ эргэцүүлэн бодож, гүнээ харамсаж, дайны сүйрэл дахин хэзээ ч давтагдахгүй гэж чин сэтгэлээсээ найдаж байна” хэмээн хэлжээ.

Дайнд амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдийн төлөөлөл болох 86 настай Мицүрү Анзай үг хэлэхдээ “Дэлхий даяар мөргөлдөөн үргэлжилж байгаа энэ үед би энх тайван байдал аль болох хурдан бий болохын төлөө залбирч байна” гээд, энх тайвны төлөө зогсохыг уриалсан байна. Анзайгийн аав дайны үеэр Хятадад нас баржээ.

Ёслолд оролцогчдын хамгийн ахмад нь 97 настай Шожи Нагаяа, хамгийн залуу нь 3 настай Сена Сакай байсан аж.

Японы Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас “Ёслолд оролцсон хүмүүсийн тал хүрэхгүй хувь нь дайны дараа төрсөн хүмүүс” гэж мэдээлсэн нь мөргөлдөөнийг туулж өнгөрүүлсэн үеийнхэн тэдэнд сургамж өгөх хэрэгтэйг харуулжээ.

Дайнд амь үрэгдэгсдийн тоонд 1945 оны наймдугаар сард АНУ-ын зэвсэгт хүчин Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг дэлбэлсний улмаас амиа алдсан хүмүүс багтдаг байна.

Эх сурвалж: KYODO, JAPAN TIMES
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу