Эрүүгийн цагдаагийн албанаас хийсэн нэгжлэгээр гэрээс нь 7,3 тэрбум төгрөг илэрсэн УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ. Түүнийг нэгдүгээр сарын 9-нээс хойш цагдан хорьж буй.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал ирүүлснийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр прокурор,яллагдагч,түүний өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих…..” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.
С.Батдөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэг /Татвараас зайлсхийх/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу