Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний долоон сарын үзүүлэлтүүдийг  өнөөдөр (2024.08.16) танилцуулна. Бид урьдчилан мөнгө, зээл, үнэт цаасны зах зээлийн мэдээллийг онцолж байна.

2024 оны эхний долоон сарын байдлаар, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны долдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар буурчээ.

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны долдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 9.7 (30.6%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5. 6(38.8%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.9 (54.5%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Бага мөнгө (M1) 2024 оны долдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 12.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 284.7 (2.4%) тэрбум төгрөгөөр,өмнөх оны мөн үеэс 4.1  (50.4%) их наяд төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)-ний 11.1 (91.9%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 975.5 (8.1%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.

Бараг мөнгө 2024 оны долдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 29.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 60.4 (0.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 5.7 (23.9%) их наяд төгрөгөөр өсчээ. Бараг мөнгөний 20.1 (67.5%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 5.1 (17.2%) их наяд төгрөг нь валютын харилцах, 4.5 (15.3%) их наяд төгрөг нь валютын хадгаламж байна.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2024 оны долдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 83.4 (6.2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 132.6 (11.8%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Гадаад цэвэр актив мөн үеийн урьдчилсан гүйцэтгэлээр 10.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 186.3 (1.9%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 5.2 (2.1 дахин) их наяд төгрөгөөр өссөн байна.

Дотоод цэвэр актив 31.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 158.8 (0.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4.6 (16.8%) их наяд төгрөгөөр өсжээ.

Төгрөгийн хадгаламж 2024 оны долдугаар сарын эцэст 20.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 431.9 (2.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 5.6 (38.8%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Төгрөгийн хадгаламжийн 17.3 (86.1%) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 2.8 (13.9%) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Валютын хадгаламж 4.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 64.8 (1.4%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс392.9 (8.0%) тэрбум төгрөгөөр буурчээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны долдугаар сарын эцэст 33.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 19.0 (0.1%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 8.1 (31.9%) их наяд төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 59.6 хувь нь иргэд, 38.9 хувь нь хувийн байгууллага, 0.6 хувь нь төрийн байгууллага, 0.9 хувь нь санхүүгийн байгууллага болон бусад буй аж.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны долдугаар сарын эцэст 30.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 85.7 (0.3%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 8.4 (38.7%) их наяд төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.3 хувийг эзэлж байгаа аж.

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны долдугаар сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 57.9 (4.7%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 78.6 (5.7%) тэрбум төгрөгөөр буурчээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3.9 хувийг эзэлж буй аж.

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны долдугаар сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 8.9 (0.5%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 259.0 (11.6%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.9 хувийг эзэлжээ.

Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2024 оны зургаадугаар сарын эцэст 8.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 279.1 (3.4%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.7(23.9%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.7 (8.4 их наяд төгрөг) хувийг хэвийн зээл, 1.3 (108.4 тэрбум төгрөг) хувийг анхаарал хандуулах зээл, 1.0 (85.4 тэрбум төгрөг) хувийг чанаргүй зээл эзэлжээ.

Үнэт цаасны арилжаагаар 2024 оны эхний долоон сард 835.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 823.8 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 281.8 (50.9%) тэрбум төгрөгөөр өсөж, арилжсан үнэт цаас 66.8 (7.5%) сая ширхэгээр буурчээ.

Үнэт цаасны гүйлгээ 2024 оны долдугаар сард 38.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 496.4 (92.9%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.4 (6.0%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Арилжсан үнэт цаас 38.5 сая ширхэг болж, өмнөх сараас 12.5 (24.5%) сая ширхэгээр буурч, өмнөх оны мөн үеэс 9.5 (32.6%) сая ширхэгээр өсчээ. Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2024 оны долдугаар сард 47296.6 нэгж болж, өмнөх сараас 4216.3 нэгжээр, өмнөх оны мөн үеэс 10432.2 нэгжээр өссөн байна.

Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2024 оны долдугаар сард 12.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.1 (9.6%) их наяд төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.5 (14.2%) их наяд төгрөгөөр өсжээ.

Монголбанкнаас зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 2024 оны долдугаар сард 3380.86 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 61.50 төгрөгөөр, өмнөх сараас 0.25 төгрөгөөр чангарсан байна.

Монголбанкнаас зарласан төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 2024 оны долдугаар сард 3663.85 төгрөг болж, өмнөхоны мөн үеэс 139.49 төгрөгөөр чангарч, өмнөх сараас 23.84 төгрөгөөр суларчээ.

Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 2024 оны долдугаар сард 38.80 төгрөг болж, өмнөхоны мөн үеэс 0.84 төгрөгөөр, өмнөх сараас 0.30 төгрөгөөр суларсан байна.

Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2024 оны долдугаар сард 465.55 төгрөг болж, өмнөхоны мөн үеэс 13.12 төгрөг өөр, өмнөх сараас 0.50 төгрөгөөр чангарчээ.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу