Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо (2024.08.15) хуралдаж, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа хэрэглээний үнийн өсөлт 6.5 хувьтай байна гэдэгтэй санал нийлэхгүй байгаагаа хэлэв. Тэрбээр “Өнөөдөр бодит амьдрал дээр өргөн хэрэглээний барааны үнэ маш өндөр хувиар өсч байна. Үүнтэй уялдсан бодлого мөн үү. Яаж бодож гаргасан юм бэ? Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлтийг энэ онд 5.6, ирэх онд 8 гэж төсөөлсөн байна. Энэ бодсон аргачлалыг цаасаар авмаар байна.

Төрийн байгуулалтын хэмнэлтийн асуудлыг бодлогодоо яаж шингээж байгаа юм бэ%? Өнөөдөр хагас жилийн хугацаанд төрийн байгууллагуудын дансанд байгаа зарагдаагүй зардлуудыг бодлогын түвшинд хэрхэн хянаж байгаа юм бэ? Хэмнэлтийн боддлого хэрхэн хийж байгаа юм бэ гэдэг дээр бичгээр хариу авмаар байна” хэмээн асуусан юм.

“СОХРООР ХЭМНЭВЭЛ ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАСАЛДАХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ”

Сангийн сайд Б.ЖАВХЛАН: Энэ удаа бид 2024 оны төсөвт хийх тодотгол оруулж ирж байгаа юм. Бид есдүгээр сарын 1-нд 2025 оны төсөв өргөн барина. Тодотголоор бид тэр бүхий л бодлогыг хамааруулах боломжгүй. Ирэх оны төсвийг дагуулж татварын бодлогын зохих, ялангуяа хувийн хэвшлийг дэмжсэн зорилтот бодлогуудыг удахгүй танилцуулна.
ДНБ болон инфляцыг тооцох аргачлалуудыг танд хүргүүлье. Инфляцыг Үндэсний статистикийн хорооноос гаргадаг, өөрсдийн аргачлалтай. Бид тэндээс аваад, танд дамжуулъя. ДНБ-ийг ч Монголбанк, ҮСХ-ныхон өөрсдийнхөө аргачлалаар гаргадаг. Эндээс бид авч хэрэглэдэг.

Нэмж хэлэхэд, сүүлийн нэг жилийн инфляцыг тооцсон, 360 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн хөдөлгөөн юм. Ковидоос эхлээд сүүлийн 4, 5 жилээр яривал үнэхээр юун 6.5 битгий хэл, зарим нэр төрлийн бараанууд дээр бараг 100 хувь өссөн. Өнөөдөр ярьж байгаа инфляц бол өнгөрсөн наймдугаар сараас хойш гарч байгаа 360 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний дундаж үнийн хөдөлгөөн юм.

Бид ковидын үед хэмнэлтийн мундаг хуультай болсон. Үе үеийн Сангийн сайд, Засгийн газар хэмнэлтийн хууль гэж олон ч ярьж байсан. Тэр үед боломж гарсан. Нэлээн чанга хууль болсон. Түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Тийм учраас энэ хуулийг аль болох өөрчлөхгүйгээр аваад явчихвал их зүгээр байгаа юм.

Бид өмнө ямар байснаа маш амархан мартдаг. Одоо энэ хэмнэлтийн хууль эргээд төрийн үйл ажиллагааг маш их хязгаарлаж байна. Зарим зүйл заалтыг нь зөөллөе гэсэн саналууд цухалзах болсон. Аль болох өөрчлөхгүй явчихвал их сайн байгаа юм.

Гэхдээ хэмнэнэ гэдэг өөрөө их учиртай. Төсвийн зорилго бол төрийн үйл ажиллагааг тасалдуулахгүй, бүрэн санхүүжүүлэх үндсэн үүрэгтэй. Сохроор хэмнэвэл төрийн үйл ажиллагаа тасалдах өндөр эрсдэлтэй. Төрийн суурь үйл ажиллагаанууд, ялангуяа нийгмийн чиглэлд боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хамгааллын гээд эдгээр үйл аиллагаанууд тасралтгүй явах ёстой, үүнийг бүрэн санхүүжүүлнэ. Энэнээс цааш гарч байгаа зүйлүүдийг бид хэмнэлт гэж харах хэрэгтэй байгаа юм.

Ямар ч байсан наймдугаар сарын гүйцэтгэлээр бид урсгал зардал хэвийн, даваагүй, гүйцэтгэл 80 гаруй хувьтай байна.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу