Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо (2024.08.15) хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн.

Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн дээрх хуулийн төслүүд дээр зарчмын хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

“НЭГДСЭН ТӨСВИЙН СУУРЬ ЗАРЛАГА ГЭХ ШИНЭ ОЙЛГОЛТ ОРУУЛЖ ИРЖ БАЙГАА ЧИНЬ МАШ БУРУУ”

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН: -Засгийн газраас төсвийн тодотгол дагалдуулж оруулж ирж байгаа төсвийн хуулийн өөрчлөлтүүд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлууд дээр зарчмын хатуу байр суурьтай байна. Өчигдөр бүлгийн хурал дээр би энэ байр сууриа хэлье, тодруулж лавлаж асууя гэсэн байр суурьтай байсан.

Өмнөх парламентын 35 гишүүн нэгдэж нийлж байгаад, Монгол Улсын өнгөрсөн 20, 30 жилийн хамгийн том алдаа бол төсвийн сахилга бат, хариуцлагагүй байдал, дээрээс нь ил тод бус асуудлууд дээр ер нь жаахан өөрчлөлт хийж, олон нийтэд нээлттэй, эргээд улс орноо, ирээдүйгээ эрсдэл оруулахгүй байх энэ асуудлууд дээр суурь өөрчлөлт хийе гэж өөрчлөлт оруулсан.

Дагаж орж байгаа хуулийн төслүүдтэй холбоотойгоор, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийн бүх өөрчлөлтүүдийг дэмжихгүй, зарчмын хувьд. “Нэгдсэн төсвийн суурь зарлага” гэх шинэ ойлголт Тогтвортой байдлын тухай хуулиар оруулж ирж байгаа чинь зарчмын хувьд маш буруу асуудал.

Олон улсад бараг байхгүй шахам ийм асуудал оруулж ирээд, суурь тэнцлийг тооцохдоо эргээд үнэт цаас ч гэх юм уу, гадаад зээлээр санхүүжүүлж байгаа зардлаа оруулахгүй гэдэг юм уу, түүгээр оруулж ирж байгаа хөрөнгө оруулалтаа оруулахгүй гэдэг асуудлууд чинь өөрөө маш том эрсдэл дагуулна.

Цаашдаа яах юм бэ, төсвийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэнэ, сахилга бат байхгүй болно, төрийн оролцоо нэмэгдэнэ. Хувийн хэвшлийн оролцоо хумигдана. Төсвийн тогтвортой байдал өөрөө байхгүй болно. Ийм ийм том эрсдэлүүдийг бий болгочихоод бид цаашдаа яах юм бэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль цаашдаа байх шаардлагатай юм уу гэдэг асуудал гарч байна шүү дээ.

Бидний хамгийн том асуудал бол уг нь энэ төсвийг төсвийн орлого бүрдүүлдэг хэрэгсэл биш, эдийн засгийг хөшүүрэгддэг, хувийн хэвшлээ дэмждэг, төр нь өөрөө хариуцлагатай, сахилга баттай байдаг зөв зүйл рүү эрх ашгийн эрэмбийн хүрээнд хөрөнгө оруулалтаа хийдэг ч гэдэг юм уу ийм л шинэчлэлийг хийе гэж бид өнгөрсөн жил өргөн барьж батлуулаад, дөнгөж энэ жилээс хэрэгжиж эхэлж байна. Анхныхаа төсвийг бид оруулж ирэх гэж байна.

Гэтэл төсвийн алдагдал болоод гадаад өр, зээлийнх нь хэмжээ нь өөрөө төсвийн суурь зардал, суурь зарлага хэмээх ойлголтод багтахгүйгээр явбал цаашдаа яах юм бэ. Төсөв, санхүүгийн аюулгүй байдлын асуудлууд чинь яах юм бэ. Төлбөрийн тэнцлийн хямрал үүсвэл яах юм бэ. Үүнийгээ дагаад валютын ханшийн хямрал үүсвэл яах вэ. Өр зээлийн хямрал үүсвэл яах вэ.

Төсвийн тэлэлтийн зардал болгон чинь өөрсдөө цаашдаа инфляц болж өсөх гээд байна. Төлбөрийн тэнцэл дээрээ сөргөөр нөлөөлөөд байна. Гадаад валютын нөөц дээр сөргөөр нөлөөлөөд байна гэдэг асуудлыг бид зөндөө ярьсан шүү дээ. Гэтэл яг үүнийхээ эсрэгээр юм оруулаад ирэх юм.

Бид хамгийн том ухралт, алдаа хийх гэж байна. Энэ алдааг ирээдүйд ард түмэн үүрнэ.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу