УИХ-ын ээлжит бус чуулганы Баасан гараг (2024.08.16)-ийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэж буй юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг танилцуулаад, дэмжиж өгөхийг хүсэв.

УИХ-ын гишүүн Ө.Шижир УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэхийг дэмжсэн талаарх дүгнэлтийг танилцуулсан юм.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын асуусан асуултын хариуд нэмэлт мэдээлэл өглөө.

“ЭМЭЭЛТИЙН АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН АЖЛЫН ЯВЦ
60 ХУВЬТАЙ БАЙНА”

УИХ-ын гишүүн Ж.ЭНХБАЯР: -“Цагаан алт” гэдэг том бодлогын хүрээнд арьс шир, ноос ноолуур гээд энэ салбарыг дэмжсэн хөтөлбөр эхэлнэ. Энэ хөтөлбөрийн онцлог хоёр зүйл байгаа юм. Нэгдүгээрт, хувийн хэвшлээ хөнгөлттэй зээлийн бодлогоор дэмжинэ. Төрийн оролцоо бол санхүүгийн хөшүүрэг, хүүгийн татаасыг хийж өгөх.

Хүүгийн татаас дэмжлэгээр 1.5 их наядын зээлийг арьс ширний гүн боловсруулалт болон ноос ноолуур бэлтгэх, боловсруулах асуудлуудаа нэгтгээд, хөтөлбөрөө эхлэхээр болж байгаа юм.

Өнгөрсөн УИХ-аар батлагдсан бодлогын хүрээнд, Дарханы аж үйлдвэрийн паркаас эхлээд орон нутгуудад байгаа арьс ширний бусад паркуудын ажил явагдана. Жишээлбэл, “Шинэ хот” аж үйлдвэрийн парк гээд 120 тэрбум төгрөгийн томоохон төсөвт өртөгтэй, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар явж байгаа томоохон төсөл байна. Төр зөвхөн дэд бүтцийг барьж байгуулах, газар олголтыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх маягаар оролцож байна.

Дарханд 25 га газар бүхий хөнгөн аж үйлдвэрийн парк гэсэн нэрийн дордэд бүтцийн зураг төсөл хийгдээд дууссан. Төр зөвхөн хүүгийн дэмжлэг болон газар олголт, дэд бүтцээр хангах ажилд хөрөнгө оруулалтаар дэмжээд, түүн дээр барьж байгуулах асуудалд хувийн хэвшлийг урьж оролцуулна.

Говьсүмбэрт аж үйлдвэрийн технологийн парк хувийн хэвшлийн санаачилгаар зураг төсөл нь эцэслэн боловсруулагдаад, бас энэ маягаар явж байна. Эмээлтийн арьс ширний үйлдвэрийн паркийн явц 60 хувьтай байна.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйгаас гаралтай түүхий эдээ эцэслэн боловсруулъя гэсэн томоохон бодлого санхүү, зээл хүүгийн бодлоготой цогц яваа шүү гэдгийг хэлэхийг хүсч байна.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу