Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаас Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэхээр болсныг онцолъё. Та тогтоолын төсөлтэй танилцав уу?

-Монгол улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцсан.

-Ноцтой бөгөөд анхаарал татсан тоо байна уу?

-Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой эдийн засгийн тодорхойгүй байдал үргэлжилж, өрийн асуудал хүндэрч байна. Дэлхий дахинд геополитикийн өндөр эрсдэлтэй (Ойрхи Дорнод, Орос Украйны дайн, Хятад Тайванийн харилцаа нэн хурцадсан) он жилүүд үргэлжилж байна.

Хятадын Үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралтай холбоотойгоор эдийн засаг нь зогсонги байдалд орж, Европын Холбооны улсуудад үйлдвэрлэл удааширч дэлхийн хөрөнгийн зах зээл тогтворгүй байгаа зэрэг олон асуудлуудтай холбоотойгоор улс орнууд төсвийн зардлаа танаж, алдагдалгүй байхад анхаарч эхэллээ.

Манай улсын хувьд 2023 оны төсөв өмнөх оноосоо 34 хувь, 2024 онд 31 хувь буюу нийт дүнгээрээ 65 хувиар тэлсэн бол тодотгол бас дахиад 3 их наядаар тэлж байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны нийт зарлага 13.9 их наяд төгрөг байсан бол 2024 онд 27.4, тодотголоор 3.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, дөрвөн жилийн хугацаанд 16.6 их наяд төгрөгөөр буюу даруй хоёр дахин нэмэгджээ.

Нийт 78.1 сая тн нүүрс экспортлох зорилт тавьснаар уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлэх орлогыг 9 их наяд хүрнэ гэж тооцсон байна. Хэрэв төсвийн гүйцэтгэлд эрсдэл үүсвэл гадаад өрийн хэмжээгээ 3.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна.

Төсвийн нийт орлогын 32 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ. Тус салбараас улсын төсөвт 2021 он 3.4 их наяд төгрөгийн орлого олохоор тооцож байсан дүн, 2024 онд 8.0 их наяд, тодотголоор 9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь эдийн засгаа солонгоруулах бодлого байхгүй, харин эсрэгээрээ уул уурхайгаас улам бүр хараат болох бодлогоо төсвөөр дамжуулан хэрэгжүүлж байна.

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан дээр Сангийн сайд Б.Жавхлан төсвийн тодотголын талаар мэдээлсэн байсан. Өөрчлөлт оруулах болсон үндэслэлээ хэрхэн тайлбарласан бэ?

-Шинээр байгуулагдсан Засгийн газар хэд хэдэн яам, агентлаг шинээр нэмсэн, мөн томоохон бүтээн байгуулалтууд хийх болсонтой холбоотой төсөвт тодотгол хийх шаардлага бий болсон. Тодотгол хийх нь 2024 төсөв өргөн барих үед тодорхой байсан.

“МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ‘НАЙРЫН ШИРЭЭНИЙ УУЦ’ БОЛЧИХНО ГЭЖ ЗҮҮДЭЛЖ Ч ЯВСАНГҮЙ”

-Та цахим хуудастаа “Ирээдүйгүй улс мэт галзуурч байна” гэсэн пост оруулсан байсан. Энэ талаараа дэлгэрэнгүй ярихгүй юу? 

-Миний хувьд сүүлийн найман жил сөрөг хүчний дуу хоолой болж, төсвийн дүгнэлт, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн гүйцэтгэл, мөнгөний бодлогын баримт бичгүүд УИХ-д орж ирэх бүрт дүгнэлт бичиж, УИХ-ын индэр дээрээс манай гишүүд уншиж, нийтэд хүргэж байв.

Мөн төсөв, мөнгөний бодлого, улс орны эдийн засгийн чухал сэдвээр 100 орчим нийтлэл бичиж, ярилцлага өгчээ. 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр 12 аймгийн нутгаар явж, төсвийн хөрөнгө оруулалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан.

Би Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт “найрын ширээний ууц” болчихно гэж зүүдэлж ч явсангүй. Би эхний байдлаар таван асуудлыг АТГ шалгуулахаар шилжүүлсэн. АТГ шалгаж байгаа гэдэг хариу ирүүлсэн.

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжихгүй, олон нийт хяналт тавих боломжгүй байгааг далимдуулан татвар төлөгчдийн мөнгийг онц ноцтой их хэмжээгээр үнэгүйдүүлж, үрэн таран хийж байна.

Зөвхөн 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалт, төсвийн зарцуулалттай танилцаж, хэд хэдэн аймгаар явж, газар дээр нь очиж, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд нийтлэг болсон байгааг баталгаажууллаа. Энэ нь нийт өрх гэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

Улмаар Монгол Улсын хөгжилд саад учруулж байгаа хорт хавдрын нэг болсон төдийгүй үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн байгааг баталгаажуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид “хяналт тавиач” гэж ил захидал хүргүүлсэн, таг чиг байна.

Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд болон төрөөс “угждаг” өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн худалдан авалт, тендер дээр төсвийн зарлагаа нэмбэл манай улсын нийт эдийн засгийн дийлэнх төрөөс хамаарч байна.

Монголын төр хувийн хэвшлийн орон зайг төсвөөр дамжуулан улам бүр багасгаж ирлээ. Төсөв бүхнийг шийдэж, төр толгойгоо даахгүй болтлоо “данхайсан” нь төрийн өмчид “хувалз” мэт шигдсэн авлига, хээл хахуулийг гааруулах үндэс болдог.

Тодотголоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах замаар урт хугацааны стратегийн ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэх хүрээнд ажил үйлчилгээг гэрээ байгуулах боломжийг нээн өгч байна. Өөрөөр хэлбэл, төрийн өмчтэй холбоотой “хулгай”-н асуудал хуулийн хамгаалалтад орох боломжтой болжээ.

-Бусад улсад төсвийн хөрөнгө оруулалтаа маш сайн хянадаг талаар жишээ хэлэхгүй юу?

-Скандиновын орны нэг болох Дани 5.8 сая хүн амтай, ДНБ нь 408 тэрбум ам.доллар, нэг хүнд оногдох ДНБ нь 69273 ам.доллар байдаг мөртлөө ганц тэмээний худалдан авалтаас шалтгаалж бараг Засгийн газар нь унах дөхсөн. Тус улсад төсвийн хяналт маш чанга байдаг ажээ.

2019 онд Данийн Ерөнхий сайд Метте Фредериксенийг Фолкетинг (парламент)-ын депутатууд төсвийн зардал хэтрүүлж, тэмээ худалдан авсан шалтгаанаа тайлбарлахыг шаарджээ. Иймээс Фредериксен намрын чуулганы нээлтэд циркийн амьтдын төрийн худалдан авалтын талаар тайлбар хийсэн.

Циркэд олон жил үзүүлбэр үзүүлсэн дөрвөн заан хөгширсөн тул тэдэнд “гавьяаных нь амралт”-ыг эдлүүлэх шаардлага тулгарчээ. Иймээс тэднийг циркээс нь худалдан авч, арчлан хамгаалах зорилгоор тодорхой хэмжээний мөнгийг төсөвт суулгасан ажээ. Гэвч энэхүү заануудаас гадна шинээр нэгэн тэмээ худалдан авснаар төсвийн зардал өссөн байна.

Ерөнхий сайд Фредериксен Засгийн газрын худалдан авалтын үнийн дүн хэтэрсэн учир шалтгааныг ярьж эхэлтэл парламентын гишүүд нирхийтэл инээж эхэлжээ. Тэрбээр “Циркийн амьтдыг худалдан авахад бидний тооцоолоогүй байсан нэг зүйл бол  Рэмболин хочит заан нь тэмээтэй дотно найз байж. Тэмээний нэрийг Али гэдэг. Рэмболин, Али хоёрыг салгах нь маш харгис алхам болох байв. Иймээс нэг тэмээ худалдан авч, төсвийн зардлыг хэтрүүлсэн юм” гэж учирласан юм.

Фредериксен дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “төсвийн хөрөнгийг хэтрүүлэн зарцуулсан” учраас парламентын гишүүдээс айж байснаа хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал, улс төрийн сөрөг хүчин болох “Шинэ барууныхан” тэмээ худалдаж авсныг эрс эсэргүүцнэ гэж бодож байсан ч тэд ийм үйлдэл гаргаагүйд талархаж байна” гэжээ.

-Анхнаасаа төсвөө “нямбай”, “засаж өөрчлөхгүйгээр” хийх боломж байхгүй юу. Төсвийн тодотголын цаана асар их мөнгө “эргэлддэг” гэж харддаг хүмүүс бий?

-Төсвийн хүрээний мэдэгдэл гэх дунд хугацааны бодлогын баримт бичгээ 2021 онд 3 удаа, 2022 онд 2 удаа, 2024 онд 3 удаа өөрчилсөн нь Засгийн газар тооцоо судалгаагүй, алсын хараагүй бодлогын баримт бичиг оруулж ирдэг болсны баталгаа юм. Дунд хугацааны бодлогын баримт нь ийм гуйвамтгай байхаар төсвийн үзүүлэлтүүд нь үргэлж засвар ордог, өөрчлөгддөг байдал энгийн үзэгдэл болсон.

-Монгол Улс түүхэндээ төсвөө хэдэн удаа тодотгосон бэ?

-Жил бүр шахам тодотгол орж ирдэг болсон. Гэхдээ энэ асуудалд цэг тавих цаг болсон. Шинэ парламент ч ингэж ажиллах байх гэж найдаж байна.

“ИРЭЭДҮЙН ӨВ САНГААС ТӨСӨВТ АШИГЛАСАН 1.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ САНААТАЙ ОРХИГДУУЛСАН”

-Төв банк эдийн засгийн өсөлтийн төлөвийг өөдрөгөөр төсөөлсөн байна. Бодит байдал дээр цаашид өсөлтөд юу нөлөөлөхөөр байна вэ? Юун дээр анхаарал зайлшгүй хандуулах шаардлагатай гэж та бодож байна вэ?

-Улс орныг удирддаг төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдахаа болиод удаж байна. Тэлсэн төсөв Төв банкны бодлогыг чангаруулдаг. Иймээс бодлогын хүү чангарч, арилжааны зээлийн хүү өсдөг. Арилжааны банкууд өндөр хүүтэй, эрсдэл өндөр зээл гаргах биш, өндөр өгөөжтэй Төв банкны үнэт цаас худалдан авахыг чухалчилдаг. Иймээс аж ахуйн нэгжүүдэд өндөр үнэтэй арилжааны зээлийн олдоц эрс хумигддаг. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаагаа зогсоох, эсвэл бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөөс өөр сонголтгүй болгодог.

-Энэ онд, ирэх жил эдийн засагт тулгарч болзошгүй эрсдэлийн талаар ярихгүй юу?

-Гадаад өрийн өндөр эрсдэл байна. Миний хоёр парламент дамжин ярьж буй сэдэв. Дэлхийн нэг номерын эдийн засаг хүртэл хойч үедээ өр өвлүүлэх нь татвар нэмэгдүүлж, хувийн хөрөнгө оруулалтыг шахаж, бүтээмжийн өсөлтөд саад болоод тогтохгүй Грек, Аргентинд болсон шиг санхүүгийн хямралыг өдөөх ноцтой аюултай учраас төсвийн тогтвортой бодлого хэрэгжүүлэхийг чухалчилж байна.

Засгийн газрын өрийн асуудал Төв банкны мөнгөний бодлогыг хазаарладаг болохыг Харвардын Их сургуулийн профессор Грег Манкив “Bloomberg Wall Street Week” нэвтрүүлэгт оролцохдоо анхааруулж байхыг харсан. Гэтэл “өрийн хавх”-нд гүн шигдсэн Монгол Улсад энэ асуудлыг авч хэлэлцэхгүй тойрч давхиад байдагт эмзэглэж явдаг.

Төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлж, инфляцыг хязгаарлахад чиглэх ёстой. 2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд, 2021 онд 3.7 их наяд, 2022 онд 1 их наядын алдагдалтай гэж тайлагнасан хэдий ч “Ирээдүйн өв сан”-гаас төсөвт ашигласан 1.4 их наяд төгрөгөө санаатай орхигдуулсан.

Энэ бүхнийг тооцож үзвэл, өнгөрсөн парламент 14 их наяд төгрөгийн алдагдал буюу өрийг ирээдүй хойчдоо үлдээх шийдвэр гаргасан. Ийм хэмжээний өр нь үнэ өсөх, үндэсний валютын ханш унах, зээлийн хүү өсөх, зээлжих зэрэглэл буурах зэрэг олон муу үр дагавар дагуулдаг. Шинэ парламент төсвийг алдагдалгүй батлахад гол анхаарлаа чиглүүлж ажиллах ёстой.

-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Д.ЭРДЭНЭТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу