Израилийн батлан ​​хамгаалах хүчин Ливаны өмнөд хэсэгт байрладаг, шийтийн “Хезболла” бүлэглэлийн объектууд руу довтолжээ. Энэ талаар тус улсын зэвсэгт хүчний хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Израилийн Агаарын цэргийн хүчин наймдугаар сарын 16-ны Баасан гаригт Ливаны өмнөд хэсгийн Рмейш дүүрэгт “Хезболла” бүлэглэлийн цэргийн байгууламжуудад цохилт өгчээ.

ХАМАС бүлэглэлийн гишүүд өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Газын зурвасаас  Израилийн нутаг дэвсгэрт нэвтэрч, хилийн суурингийн оршин суугчдыг хөнөөж, хүмүүсийг барьцаалсны дараа Ойрхи Дорнодын байдал эрс муудсан.

Үүний хариуд Израиль ХАМАС бүлэглэлийн цэрэг, улс төрийн бүтцийг устгаж, хулгайлагдсан бүх хүнийг суллах зорилгоор Газын зурваст цэргийн ажиллагаа явуулж буй билээ.

Ливаны талаас байнга гал нээж, Израилийн хойд хил дээр хурцадмал байдалтай хэвээр байгаа бөгөөд Израилийн зэвсэгт хүчин ч мөн хариу гал нээж буй ажээ.

Еврей улсын хойд хэсгийн хилийн бүс нутгаас 80 мянга гаруй израиль иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Израилийн нисэх онгоцууд энэ сарын 13-ны өдөр Ливаны өмнөд хэсэгт байрлах “Хезболла” бүлэглэлийн цэргийн объектуудад цохилт өгсөн талаар Израилийн Батлан ​​хамгаалах хүчин (IDF) мэдээлсэн.

Израилийн цэргийн хүчнийхэн Telegram сувгаараа дамжуулан “Израилийн Агаарын цэргийн хүчин Кфаркела, Марвахин, Мейс Эль-Жабал бүсүүд дэх “Хезболла” бүлэглэлийн цэргийн байгууламжуудад цохилт өглөө” гэж мэдэгджээ.

Ливаны Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, Израилийн довтолгооны улмаас Ливаны өмнөд хэсэгт оршин суудаг 100 мянга орчим хүн орон гэрээ орхихоос өөр аргагүйд хүрсэн байна.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу